Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён засгийн газрын танхимаа шинэчлэн зургаан сайдаа сольжээ. Мөн тэрбээр хиймэл оюун ухааны бодлоготой холбоотой удаан хугацаанд эзгүй байсан гол албан тушаалуудыг нөхсөн байна.
Шинэчлэгдсэн томилгоогоор Батлан хамгаалах болон Хууль зүйн сайдын албан тушаалд шинэ хүмүүс томилжээ. Батлан хамгаалахын сайдад энэ оны нэгдүгээр сараас Саудын Араб дахь Өмнөд Солонгосын Элчин сайдаар ажиллаж буй генерал асан Кан Шин Чолийг нэр дэвшүүлсэн. Кан нь Өмнөд Солонгос–АНУ-ын Нэгдсэн хүчний командлалын дэд командлагч, Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны газрын дарга зэрэг албан тушаал хашиж байжээ. Харин Хууль зүйн сайдаар эрх баригч Ардчилсан намын гишүүн бөгөөд шүүгч асан Ким Сын Воныг нэр дэвшүүлэв.
И Жэ Мён эдийн засгийн багаа ч шинэчилжээ. Тэрбээр Сангийн яамны нэгдүгээр дэд сайд И Хён Илийг Эдийн засгийн асуудал эрхэлсэн Шадар сайд бөгөөд Сангийн сайдад нэр дэвшүүлсэн байна. Мөн Тээврийн яамны дэд сайд Хон Жи Соныг Газар, дэд бүтэц, тээврийн сайдад нэр дэвшүүлсэн бол Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн сайдад Ардчилсан намын гишүүн И Со Ёныг нэр дэвшүүлэв.
Түүнчлэн Үндсэн орлогын намын парламент дахь бүлгийн дарга Ён Хе Инийг Жендэрийн эрх тэгш байдал, гэр бүлийн сайдад нэр дэвшүүлжээ. Ингэснээр 36 настай Ён Хе Ин Өмнөд Солонгос улсын хамгийн залуу сайд болох юм. Мөн 1990-ээд онд төрсөн анхны засгийн газрын гишүүн болно. Тэрбээр 2021 онд төрөөд 59-хөн хонож буй хүүгээ парламентын хуралд авчирч, хөхүүл нярай хүүхдийг парламентын хуралд дагуулан орохыг зөвшөөрөх тухай хуулийн төслийг санаачилж байжээ.