Хойд Солонгосын нийслэл Пёньян хотноо 15 дахь удаагийн Үндэсний багш нарын чуулган эхэллээ. Чуулганы нээлтэд удирдагч Ким Жон Ун үг хэлэхдээ боловсролын ач холбогдол болон үүнд гүйцэтгэх багш нарын үүрэг хэчнээн чухал болохыг онцолжээ. Тэрбээр боловсролыг хойно үлдэх ёсгүй чухал салбар гэсэн бөгөөд багш нарыг улс орны хойч үеийг хүмүүжүүлж буй эх орончид гэсэн байна.
Тус улс 2019 оны хоёрдугаар сард анх удаа багш нарын чуулганыг зохион байгуулж байв. Хамгийн сүүлд болсон 14 дахь удаагийн чуулганаас хойш улс орон даяар 4320 сургууль, цэцэрлэгийг шинэчлэн загварчилж, заримыг нь шинээр барьжээ. Мөн Ким Ил Суны их сургууль зэрэг томоохон их сургуулиуд кредитэд суурилсан систем гэх мэт янз бүрийн шинэчлэлийг танилцуулсан байна.
Чуулганы үеэр ерөнхий сайд Пак Тэ Сон Хойд Солонгосын боловсролын салбарын сүүлийн долоон жилийн ололт амжилт, алдаа дутагдлыг дүгнэж, ирээдүйн хөгжлийн зорилтуудыг тодорхойлсон байна. Тэр дундаа хот, хөдөөгийн сурагчдын боловсролын ялгааг багасгах шаардлагатай байгааг онцгойлон дурджээ. Энэ асуудлыг өнгөрсөн хоёрдугаар сард болсон Ажилчдын намын есдүгээр хурлаар мөн хөндсөн юм.