РОМ, 2026 оны есдүгээр сарын 3 /NHK/. Италийн Лидо аралд 83 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадам эхэллээ. Энэ удаад үндсэн шалгаруулалтад 21 кино өрсөлдөж байгаагаас нь хоёр нь Японы кинонууд юм.
Лхагва гарагт болсон нээлтийн ёслолын үеэр жүжигчид, кино найруулагчид шүтэн бишрэгчдийнхээ өмнүүр улаан хивсэн дээгүүр алхлаа.
Нээлтийн үеэр кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Америкийн 65 настай жүжигчин, найруулагч Жорж Клуни-д “Алтан арслан” шагналыг гардуулан өгөв. Тэрбээр үг хэлэхдээ “кино нь дайныг зогсоодоггүй, инфляцыг бууруулдаггүй, сонгуулийн дүнг өөрчилдөггүй, гэхдээ кино нь маш гайхамшигтай зүйлийг бий болгодог” гэлээ.
Наадмын гол шагнал болох “Алтан арслан”-гийн төлөө өрсөлдөж буй хоёр япон киноны нэг нь “Эргээд хар” гэдэг нэртэй Корээда Хироказү-гийн найруулсан кино юм. Фүжимото Тацуки-гийн бүтээсэн ижил нэртэй манга зурагт номны энэхүү кино хувилбарт манга зурах хоббитой хоёр бүсгүй насанд хүрч төлөвшиж, бас амьдралдаа алдаж буй талаар өгүүлдэг.
Нөгөө кино нь “Ноён Нельсон та хүн алсан уу?” гэх содон нэртэй бөгөөд Цукамото Шинья найруулжээ. Энэхүү кинонд Вьетнамын дайнд оролцсон нэгэн ахмад дайчин гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй болж, сэтгэцийн эмчтэй ярилцах үеэрээ тулааны талбарт хүмүүсийг хэрхэн хөнөөж байсан тухайгаа эргэцүүлэн бодож буйг харуулдаг.
Наадмын сүүлчийн өдөр буюу бямба гарагт тэргүүн байр эзэлсэн киног зарлаж, шилдэг жүжигчид, найруулагчдыг шалгаруулна.
Венецийн кино наадам бол Канн, Берлинийн кино наадмуудтай эн зэрэгцэх дэлхийн киноны хамгийн нэр хүндтэй гурван том наадмын нэг юм.