Хятад улс “ногоон” хөгжлийн замаар урагшилж байна

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань

Цагаан сарын баярын өмнөхөн би Чингэлтэй дүүргийн айл болох Энхсайханы гэрээр зочилсон юм. Хятадын “Дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сан”-гийн дэмжлэгээр тэдний гэрт нарны эрчим хүчний халаалтын шинэ төхөөрөмж суурилуулснаар илүү дулаан, илүү цэвэр, илүү тав тухтай амьдрах орчин бүрджээ. Хятадын тал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран, зөвхөн Энхсайханых төдийгүй Монголын 500 гаруй айл өрхийн дулааныг нарны эрчим хүчний системээр шинэчилж, Улаанбаатар хотын агаар илүү цэвэр болж, тэнгэр цэлмэг байхад хувь нэмрээ оруулах юм. Энэ нь Хятадын эрчим хүчний ногоон шилжилт дэлхий нийтэд үр өгөөжөө өгч буйн нэгэн жишээ юм.

Ногоон өнгө бол Хятадын өндөр чанартай хөгжлийн тод илэрхийлэл төдийгүй Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн чухал онцлог юм. Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн үзэл санааны удирдлага дор, Хятад улс “цэнгэг ус, ногоон уулс бол үнэлж баршгүй баялаг” гэх үзэл баримтлалыг тууштай баримталж, экологийг нэн тэргүүний зорилтоо болгосон, ногоон буюу нүүрстөрөгч багатай өндөр чанартай хөгжлийн замаар шийдмэг урагшилж байна. Ийнхүү эдийн засаг, нийгмийн хөгжлийг бүх талаар ногоон шилжилтэд хөтөлж, “Үзэсгэлэнт Хятад орон”-ыг бүтээхийн зэрэгцээ дэлхийн экологийн засаглалд Хятадын оюун ухаан, Хятадын арга шийдлээр хувь нэмрээ оруулж байна.

Хятад улсын цэлмэг тэнгэр, цэнгэг ус, цэвэр хөрсийг хамгаалах тэмцэл илтэд үр дүнд хүрч, экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг урьд урьдаас ч илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж байна. XIV дэх таван жилийн төлөвлөгөөний хугацаанд, Хятадын PM2.5 тоосонцрын агууламж нийтдээ 20 хувиар буурч, улс даяарх хотууд болон томоохон орон нутгуудын бохирдолтой усан сангууд үндсэндээ устаж, нөхөн сэргээх боломжтой цөлжилтөд өртсөн газрын 53 хувийг үр дүнтэй сэргээж, дэлхийн хэмжээнд шинээр нэмэгдсэн ногоон байгууламжийн дөрөвний нэгийг бүрдүүлээд байна. Экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх маш олон томоохон чухал төслүүд амжилттай хэрэгжжээ. 2024 оны 11 дүгээр сард Хятад улс 3046 км урттай ой, бэлчээрийн бүс байгуулж, Хятадын хамгийн том цөл буюу Такламакан цөлийг ногоон байгууламжаар бүтэн хүрээлсэн нь дэлхийн хамгийн урт, цөлийг тойрсон экологийн аюулгүй байдлын хамгаалалтын бүс болжээ.

Хятадын тал олон улсын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байна. Хятад, Монгол хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголцлын хүрээнд хэрэгжүүлэх “Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв”-ийн бүтээн байгуулалт тогтвортой урагшилж байна. Хятадын тал цөлжилттэй тэмцэх үзэл баримтлал, практик туршлагаа Монголын талтай хуваалцан, Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулахад нь дэмжин ажиллаж, “ногоорол нэмэгдэж, цөлжилт хумигдах” үйл явцыг хамтдаа ахиулахад бэлэн байна.

Хятад улс эдийн засаг, нийгмийн хөгжлийн ногоон шилжилтийг бүх талаар түргэтгэж, дэлхийн хамгийн иж бүрэн, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах бодлогын тогтолцоо болон хамгийн том сэргээгдэх эрчим хүчний системийг бүрдүүлсэн бөгөөд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал улсын нийт хүчин чадлын 60 гаруй хувийг эзэлж байна. Мөн ногоон технологийн инновац, эрчим хүчний хэмнэлт, нүүрстөрөгчийг бууруулах шинэчлэл болон тойрог эдийн засгийн хөгжлийг тууштай ахиулж, уламжлалт аж үйлдвэрийн салбаруудад ногоон шилжилт хийж, дэлхийд хамгийн том цар хүрээтэй, иж бүрэн гинжин бүтэцтэй ногоон, бага нүүрстөрөгчтэй аж үйлдвэрийн тогтолцоог бүрдүүлээд байна. Одоогоор ногоон, бага нүүрстөрөгчтэй аж үйлдвэрүүдийн цар хүрээ 11 их наяд юаниас давж, ногоон үйлдвэрлэлийн хүчин чадал нь хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч болжээ.

Хятад улс бусад орнуудад, ялангуяа дэлхийн өмнөдийн орнуудад идэвхтэй дэмжлэг үзүүлж, цэвэр эрчим хүчний технологийн хэрэглээ, даацын хүртээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлээд байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд, Хятад улс дэлхийн хэмжээнд нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн өртгийг тус тус 80 болон 60 гаруй хувиар бууруулахад түлхэц үзүүлэв. XIV дэх таван жилийн төлөвлөгөөний хугацаанд, Хятадын экспортолсон нар, салхины эрчим хүчний бүтээгдэхүүнүүд ойролцоогоор 4.1 тэрбум тонн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, хөгжиж буй олон улс оронд “эхлээд бохирдуулж, дараа нь цэвэрлэх” уламжлалт хөгжлийн урхинаас зайлсхийхэд нь тусалж байна.

Хятад улс өөрийн ногоон, бага нүүрстөрөгчийн шилжилтийг дэлхийн уур амьсгалын засаглалтай уялдуулан, 2030 онд нүүрстөрөгчийн ялгарлын оргил түвшинд хүрч, 2060 онд нүүрстөрөгчийн саармагжуулалтын түвшинд хүрэх зорилтыг анхлан зарласан. 2025 оны 9 дүгээр сард, “Парисын хэлэлцээр” батлагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан, Ши Жиньпин дарга 2035 он гэхэд Хятадын хүлэмжийн хийн цэвэр ялгарлыг оргил үеийн түвшнээс 7–10 хувиар бууруулж, чулуужсан бус эрчим хүчний хэрэглээг 30 хувиас дээш хүргэнэ гэж зарласан бөгөөд тасралтгүй ахиулж буй Үндэсний тодорхойлсон хувь нэмрээрээ дэлхийн уур амьсгалын засаглалд тогтвортой байдал, бодит үйл ажиллагааны хүч нэмэхээр зорьж байна.

Өнгөрсөн оны 5 дугаар сард би Хятадын “Дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сан”-гийн дэмжлэгтэй Монголын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх төслийн нээлтийн арга хэмжээнд оролцсон. Энэ нь Хятадын зүгээс Зүүн хойд Азийн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх анхны төсөл бөгөөд Монголын уур амьсгалын өөрчлөлтийн эрт сэрэмжлүүлэг болон малчдын дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, тогтвортой хөгжлийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь хувь нэмэр оруулах юм.

Ирэх долоо хоногт Хятад улс “Хоёр чуулганы цаг үе”-дээ орж, XV дахь таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийг хэлэлцэн батлах бөгөөд Хятад улсын ирэх 5 жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтууд, хэрэгжүүлэх ажлуудаа улам тодорхойлж, ногоон шилжилтийг үргэлжлүүлэн ахиулах үйл ажиллагааны удирдамжийг гаргана. Хүн төрөлхтөн нэг дэлхий дээр амьдарч, улс орнууд нэг ертөнцөд хамт оршиж байна. Хятад улс өндөр үүрэг хариуцлагатай их гүрний хувьд,  цаашид ч дэлхийн улс орнуудтай ногоон хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ногоон технологийг хуваалцан, экологийн хамгаалалтын хамтын халхавч байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоон байгуулах, цэвэр, сайхан дэлхийг бүтээх үйлсэд илүү том, шинэ хувь нэмрээ оруулсаар байх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн