Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ДАМАСК, 2026 оны хоёрдугаар сарын 27 /Reuters/. АНУ-ын ашиг сонирхолд харшилж, үндэсний аюулгүй байдалд нь аюул учруулж болзошгүй тул харилцаа холбооны салбараа Хятадын технологид түшиглэхээс зайлсхийхийг АНУ-ын эрх баригчид Сирид анхааруулсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.

АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчид Сирийн Харилцаа холбооны сайд Абдулсалам Хайкалтай мягмар гарагт Сан-Франциско хотод уулзахдаа дээрх анхааруулгыг өгчээ. Уг уулзалтын талаар олон нийтэд мэдээлээгүй байна.

Сирийн одоогийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараа олон жил засгийн эрх барьсан Башар аль-Асадыг 2024 онд түлхэн унагааснаас хойш АНУ-ын засаг захиргаа Дамасктай идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм. Башар аль-Асадын засаглалын үед Сири улс Хятадтай стратегийн түншлэл тогтоож байсан билээ.

Харин Сири улс харилцаа холбооны цамхаг болон дотоодын интернэт үйлчилгээ үзүүлэгчдийн дэд бүтцийг шинэчлэх хүрээнд Хятадын технологи худалдан авах боломжийг судалж байгаа талаар уг худалдах авах хэлэлцээнд оролцож буй Сирийн нэгэн бизнес эрхлэгч мэдээлсэн байна.

АНУ, Сирийн төлөөлөгчдийн уулзалтын талаар мэдээлэлтэй өөр нэг эх сурвалжийн хэлснээр, АНУ-ын тал Сирийн Харилцаа холбооны яамнаас Хятадын тоног төхөөрөмж ашиглахтай холбоотой төлөвлөгөөнийхөө талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсжээ.

Харин Сирийн албаныхан дэд бүтцийн хөгжлийн төслүүд цаг хугацааны хувьд нэн чухал шатандаа явж байгааг онцлоод, харилцаа холбооны тоног төхөөрөмж нийлүүлэгчд төрөлжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн