Нидерландын нийслэл Амстердам нь мах болон чулуужсан түлшний бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлахыг хориглосон анхны хот боллоо. Тус хотын гудамж талбай дахь зарлалын самбар, трамвай, метроны буудлуудад байршуулсан бургер, бензин автомашин, агаарын тээврийн компаниудын сурталчилгааг тавдугаар сарын 1-нээс буулгажээ. Хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй трамвайн буудал дээр байсан хуучин сурталчилгаануудын оронд Нидерландын үндэсний музей Рижкс болон төгөлдөр хуурын концертын талаарх мэдээллийн самбаруудыг байрлуулаад байна. Гэтэл өнгөрсөн долоо хоногт тэнд амтат тахиа, автомашин, хямд үнэтэй аяллын сурталчилгаанууд байлаа.
Энэ нь Амстердамын гудамжны тохижилтыг орон нутгийн засаг захиргааны байгаль орчны зорилтуудтай нийцүүлэх зорилготой алхам юм. Тус хотын захиргаа 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг саармагжуулж, иргэдийн махны хэрэглээг мөн хугацаанд хоёр дахин бууруулахаар зорьж байна.
Ногоон зүүн намын гишүүн Аннеке Винхофф хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлт нэн тулгамдсан асуудал болоод байна. Цаг уурын бодлогоор тэргүүлэхийг хүсээд байгаа хэрнээ сурталчилгааны ханануудыг яг эсрэг зүйлд ашиглаад байхаар яах болж байна?” гэжээ.
Энэ байр суурийг амьтны эрхэд төвлөрдөг Амьтны эрхийн намын дарга Анке Баккер мөн илэрхийлжээ. Тэрбээр “Хүн бүр шийдвэрээ өөрөө гаргах ёстой. Гэхдээ үнэндээ томоохон компаниуд бидэнд юу идэх, юу худалдаж авахыг байнга зааж чиглүүлдэгээ болиосой гэж хүсч байна” гэсэн юм.
Нүдний өмнө байнга харагдаж, өдөөдөг зүйлсийг нь байхгүй болгочихвол хүмүүс сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийх нь буурна. Мөн хямд махан бүтээгдэхүүн, чулуужсан түлш ихээр зарцуулдаг аялал нь хүсүүштэй амьдралын хэв маяг биш юм байна гэдгийг ойлгож эхэлнэ гэж үзэж байна.
Гэхдээ Амстердамын гудамж талбай дахь зар сурталчилгааны самбаруудын ердөө 0.1 хувь нь л махан бүтээгдэхүүний сурталчилгаа байдаг гэдгийг энд дурдъя. Харин чулуужсан түлштэй холбоотой сурталчилгаа дөрвөн хувийг эзэлдэг. Самбаруудын дийлэнхийг хувцас, кино, гар утасны сурталчилгаанууд эзэлдэг. Гэхдээ улс төрийн агуулгын хувьд махыг машин, онгоцтой нэгтгэснээрээ энэ нь таны хувь хүний сонголтоор зогсохгүй уур амьсгалын өөрчлөлтөд хамаарах асуудал гэдгийг сануулж байгаа ажээ.