Ливанчуудын хүсээгүй дайн

Ливаны армийн командлагч асан Жозеф Аун Израиль, Хезболлагийн сүйрлийн мөргөлдөөний дараа ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээн авсан. Тухайн үед Хезболла хүч, нөөцөө барж, сул дорой болсон байсан бөгөөд Жозеф Аун ч тэднийг зэвсэггүйжүүлнэ гэж амлаж байлаа. Хезболлагийн зэвсгийн асуудал бол Ливаныг олон жил хуваасан шийдэхэд бэрх асуудал. Гэсэн ч Жозеф Аун үүнийг шийдэж чадна гэж өөдрөгөөр харж байжээ.

Израиль, Хезболлагийн гал зогсоох хэлэлцээ 2024 оны арваннэгдүгээр сард хэрэгжиж эхэлсэн ч Нетаньяхугийн засаг захиргаа тус бүлэглэлтэй холбоотой гэж үзсэн хүмүүс болон байнууд руу бараг өдөр бүр довтолж байсан. Ливаны зарим хэсэгт мөргөлдөөн огт зогсоогүй гэхэд болно.

Өдгөө Ливан улс дахин дайны хөлд үрэгдээд байна. Цус урсгасан дайныг зогсоохыг хүссэн ерөнхийлөгч Жозеф Аун шууд хэлэлцээ хийх санал гаргасан нь бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй хоёр улсын хувьд том алхам байв. Энэ саналыг Израиль эхэндээ хүлээн зөвшөөрөөгүй ч гэлээ Ливанд 300 гаруй хүн амь үрэгдсэний дараа байр сууриа өөрчилж эхэлжээ. Иймээс хоёр улсын хэлэлцээчид Мягмар гаригт /2026.04.13/ гал зогсоох асуудлаар Вашингтонд уулзжээ.

Тэгвэл Хезболлад маш бага нөлөөтэй Ливаны засгийн газар юу хийж чадах вэ? Удаан хугацааны энх тайванд хүрэх боломж үнэхээр бий юу гэдгийг энэхүү нийтлэлээр тоймлон хүргэе.

ИЗРАИЛИАС ЛИВАНЧУУДЫГ ХАМГААЛАХ ЦОРЫН ГАНЦ ХҮЧ

Хезболлаг дэмжигчдийн хувьд энэ бүлэглэл нь Израилийн эсрэг тэднийг хамгаалах цорын ганц хүч. Израильчууд эртнээс нааш Ливаны газар нутгийг эзлэхийг зорьсон гэж тэд үздэг. Харин эсэргүүцэгчид нь Хезболла бүлэглэл Ираны ашиг сонирхлыг хамгаалж, улс орноо хүсээгүй, хэрэгцээгүй дайнд чирч оролцуулж байна гэж буруутгадаг.

Хезболла гэдэг нь арабаар бурхны нам гэсэн утгатай үг. Тус бүлэглэл 1980-аад онд израильчууд Ливаныг ид эзэлж байх үед байгуулагджээ. Байгуулагдсан цагаасаа хойш тус бүлэглэл Иранаас санхүүжилт, сургалт, зэвсэг авсаар ирсэн бөгөөд Израилийг устгах нь тэдний албан ёсны зорилгуудын нэг.

1989 онд Ливаны мөргөлдөөнийг дуусгасан Тайфын хэлэлцээрээр бүх зэвсэгт бүлэглэлүүдийг зэвсэггүй болгохыг шаардсан. Гэвч Хезболла өөрийгөө Израилийн эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэгч гэж тодорхойлж, зэвсгээ хадгалж үлдэж чаджээ. Израиль 18 жилийн дараа буюу 2000 онд өмнөд Ливанаас цэргээ татсан ч газар нутгийн маргаан шийдэгдээгүй хэвээр үлдсэн. Улмаар 2006 оны дайныг зогсоосон НҮБ-ын 1701-р тогтоолоор Хезболлаг зэвсэггүй болгохыг шаардсан ч хориг бүрэн хэрэгжээгүй.

Хезболлаг Их Британи, АНУ зэрэг улс террорист байгууллага гэж нэрлэдэг. Гэвч Ливанд Хезболла нь зөвхөн зэвсэгт бүлэглэл төдий биш юм. Ливанчуудын хувьд тус бүлэглэл нь парламент, засгийн газарт төлөөлөлтэй улс төрийн нам, мөн төр засгийн хүрч чадаагүй бүс нутагт сургууль, эмнэлэг зэрэг үйлчилгээ үзүүлдэг нийгмийн хөдөлгөөн юм. Тэд бол улсын хамгийн хүчирхэг бүлэглэл.

Ливаны 5.8 сая орчим хүн амын ихэнх нь зөвхөн арми л зэвсэг эзэмших ёстой гэж үздэг. Гэхдээ Хезболлаг хүчээр зэвсэггүйжүүлж болохгүйг ч шинжээчид хүлээн зөвшөөрдөг. Хезболлагийн хувьд зэвсэгт тэмцэл нь тэдний оршихуйн гол утга учир. Тэд зэвсгээ хураалгачихвал дахин дорд байдалд орно гэж айдаг болохыг шинжээчид онцолж байна.

Ираны дайн эхэлснээс хойш Ливанд 2000 гаруй хүн амиа алдсан гэж мэдэгдээд буй. Тухайлбал, Израилийн агаарын довтолгоо Ливанд өнгөрсөн долоо хоногт асар их сүйрэл авчирсан бөгөөд өмнө нь халдлагад өртөж байгаагүй, аюулгүй гэж үздэг байсан газрууд хүртэл цохилтын бай болсон. Гэгээн цагаан өдрөөр хүн ихтэй газрууд гэнэт бөмбөгдөлт өртсөн энэ өдрийг зарим хүн “Хар Лхагва гариг” гэж нэрлэжээ.

Ливанчууд хэдий энх тайвныг хүссэн ч Хезболлаг эхлээд ятгах хэрэгтэй юм. Ард иргэдийн олонх нь насан туршдаа хямрал, дайны шуурганд өртөж байна. Одоо үргэлжилж байгаа дайн сүүлчийнх байгаасай гэж тэд найдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн