Хэт хямд үнийн бодлогын анхдагч “Spirit Airlines” дампуурлаа зарлав

АНУ-ын агаарын тээврийн “Spirit Airlines” компани хямд үнэтэй нислэгийн зах зээлийг өөрчилж, хэт хямд үнэ гэсэн загварыг анхлан түгээж байв. Гэвч тус компани санхүүгийн асуудлаас болж үйл ажиллагаагаа бүрэн зогсоож буйгаа мэдэгдлээ.

Тус компани Ираны дайнаас ч өмнө санхүүгийн хүнд байдалд орсон байсан бөгөөд хоёр ч удаа дампуурлын ирмэгт иржээ. Гэтэл Ираны дайн гарснаар дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор 20 нь тасалдаж, онгоцны түлшний үнэ огцом өссөн билээ. Иймд “Spirit Airlines” компани Трампын засаг захиргаатай хэлэлцээ хийхээр оролдсон бүтээгүй аж.

“Spirit Airlines” нь санхүүгийн асуудлаас болж сүүлийн 25 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон анхны томоохон АНУ-ын агаарын тээврийн компани болж байна. Компанийн дампуурал мянга мянган зорчигчийг нислэггүй болгож, олон мянган хүнийг аяллын төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэсэн бөгөөд ирээдүйд нислэг захиалсан сая сая зорчигч мөн өртөж байна.

Тэд бүх нислэгээ цуцалж, харилцагчийн үйлчилгээний төвөө хааж, зорчигчдыг онгоцны буудал руу очихгүй байхыг анхааруулжээ.

Тус компани мэдэгдэлдээ “Бидний хэт хямд үнэ бүхий бизнесийн загвар өнгөрсөн 34 жилийн хугацаанд салбарт томоохон нөлөө үзүүлсэн. Энэ загвараараа цаашид олон жил үйлчлэхийг хүсч байлаа” гэжээ.

Энэ шийдвэрийн улмаас 17,000 орчим хүн ажилгүй болж буй. Мөн “Spirit Airlines”-ийн нислэгүүдийг зогсоосноор АНУ-ын бүх нислэгийн үнэ нийтдээ өсөх магадлалтай.

“Spirit Airlines” цар тахлаас хойш үндсэндээ ашиггүй ажиллажээ. Тус компани 2025 оны наймдугаар сард хоёр дахь удаагаа дампуурлын өргөдөл өгсөн. Улмаар энэ оны хоёрдугаар сард өрөө багасган, нислэгээ үргэлжлүүлэх хэлэлцээр хийсэн ч гурав хоногийн дараа Ираны дайн эхэлж, түлшний үнэ огцом өссөнөөр байдал дахин мууджээ.

Онгоцны түлш нь агаарын тээврийн компанийн хоёр дахь хамгийн том зардал. Агаарын тээврийн компанийн хамгийн том зардал бол ажилтны цалин байдаг.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн