“Disneyland Paris” цогцолборт “The Walt Disney” компанийн “Frozen” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн шинэ хэсэг болох “World of Frozen” албан ёсоор нээгдлээ. Энэхүү төсөл нь хоёр тэрбум гаруй ам.долларын өртөгтэй томоохон шинэчлэлийн гол хэсэг байв. Мөн шинэчлэлийн хүрээнд “Disneyland Paris” цогцолборын хоёр паркийн нэг болох “Walt Disney Studios Park”-ийн нэрийг “Disney Adventure World” болгон өөрчилсөн байна.
Шинэ өргөтгөлд Арэнделл хэмээх зохиомол хаант улсыг бодитоор бүтээжээ.

36 метр өндөр мөсөн уулын оройд Эльзагийн ордон сүндэрлэж, доор нь Норвегийн хэв маягтай загасчны тосгон байрладаг. Зочид усан завины аяллаар явж, киноны дүрүүдтэй уулзан, төрөл бүрийн шоу үзэх боломжтой юм. Нээлтийн арга хэмжээнд Пенелопа Круз, Наоми Кэмпбелл, Тейана Тейлор зэрэг алдартнууд оролцсон бол “Disney”-ийн шинэ гүйцэтгэх захирал Жош Д’Амаро анх удаа тайзан дээр гарч, үг хэлжээ. Тэрбээр энэхүү шинэ хэсгийг “Компанийн хувьд шинэ шатанд гарсан чухал мөч” хэмээн онцолсон байна.

Мөн Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон уг төслийг улс орны аялал жуулчлал, эдийн засагт чухал нөлөөтэй гэж үнэлж, шинэ өргөтгөлөөр 1000 орчим ажлын байр бий болно гэдгийг дурдсан. Энэхүү өргөтгөл нь “Disneyland Paris”-ийн 34 жилийн түүхэн дэх хамгийн том шинэчлэлд тооцогдож байгаа.
Цаашид “The Lion King” сэдэвт шинэ хэсэг нээгдэхээр төлөвлөгджээ.
Энэхүү хэсгийг илүү олон үзвэр, ресторан, орчин үеийн шоугаар баяжуулах бөгөөд нийт талбай нь бараг хоёр дахин томрох юм. Ийнхүү нэгэн цагт шүүмжлэл дагуулж байсан Европын “Disneyland” өнөөдөр тивийн хамгийн том аялал жуулчлалын төвүүдийн нэг болж, шинэ “Frozen” ертөнцөөрөө зочдод дахин нэг гайхамшигт мэдрэмжийг бэлэглэж байна.
