Италийн хойд нутгийн Парма хотын ойролцоох Мамиано ди Траверсетоло тосгонд байрлах “Fondazione Magnani-Rocca” музейд гарсан хулгайн хэрэг олон улсын анхаарлыг татлаа. Тодруулбал, гуравдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө болсон уг хэрэгт Францын нэрт зураачид болох Пьер-Огюст Ренуар, Поль Сезанн, Анри Матисс нарын үнэт гурван бүтээл хулгайлагдсан нь тогтоогджээ.
Хулгайчид музейн хамгаалалтын системийг тойрон гарч, гол хаалгыг эвдэн нэвтэрсэн байна. Урьдчилсан мэдээллээр тэд мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, зохион байгуулалттай бүлэглэл байсан. Улмаар дотогш нэвтэрснээс хойш хэдхэн минутын дотор зорилтот бүтээлүүдийг авч гарсан гэж үзэж байна. Хяналтын камерын бичлэгт нүүрээ халхалсан, бээлий өмссөн этгээдүүд бичигдсэн ч одоогоор хэн болохыг нь тогтоогоогүй байна.
Алдагдсан бүтээлүүд нь Ренуарын “Les Poissons” (1917), Сезаннын “Tasse et plat de cerises” (1890), Матиссын “Odalisque sur la terrasse” (1922) юм.

“Les Poissons”
Эдгээр нь Францын уран зургийн урсгалын төлөөлөл болсон, музейн байнгын үзмэрт багтдаг, хэдэн сая еврогоор үнэлэгдэх үнэт бүтээлүүд юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ийм хэмжээний урлагийн бүтээлүүдийг хар зах дээр шууд худалдах нь хүндрэлтэй тул захиалгат хулгай байх магадлал өндөр гэж таамаглаж байна. Италийн цагдаагийн байгууллага болон соёлын өвийг хамгаалах тусгай нэгжүүд хэрэг дээр хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд хил, гаалийн хяналтыг чангатгажээ. Мөн Интерпол зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна.

“Tasse et plat de cerises”
Энэхүү хэрэг нь сүүлийн жилүүдэд Европт гарсан урлагийн томоохон хулгайн нэгт тооцогдож байгаа бөгөөд музейн аюулгүй байдлын асуудлыг дахин хөндөхөд хүргээд байна. Шалгалтын явцад хамгаалалтын системд сул тал байсан эсэх, эсвэл дотоод мэдээлэл алдагдсан эсэхийг мөн нягталж байгаа аж.