Бельги улс цөмийн станцуудаа төрийн мэдэлд авахыг зорьж байна

Эрчим хүчний хангамжаа баталгаажуулах зорилгоор Бельгийн засгийн газар цөмийн цахилгаан станцуудаа өөрийн мэдэлд авах төлөвлөгөөтэй байна. Тус улсын ерөнхий сайд Барт Де Веверийн хэлснээр, Францын “Engie” компанид харьяалагддаг цөмийн станцуудыг бүхэлд нь төр худалдан авч, долоон хуучин реакторыг эзэмших болно гэжээ. Ингэснээр Бельги цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзах өмнөх шийдвэрээсээ буцаж байна.

Энэ алхам нь аюулгүй, хямд, тогтвортой эрчим хүчээр хангахаас гадна түлшний импортын хамаарлыг бууруулах болно гэж Вебер онцолсон байна. Өмнө нь Бельги аюулгүй байдлын шалтгаанаар цөмийн эрчим хүчнээс татгалзах хууль баталж, шинэ станц барихыг хориглож, хуучин реакторуудыг 40 жилээс илүү ажиллуулахгүй байхаар тогтоосон.

Одоогоор долоон реактораас зөвхөн хоёр нь ажиллаж байгаа бөгөөд 2035 он хүртэл ажиллах зөвшөөрөлтэй. Үлдсэн тав нь 2022–2025 оны хооронд хаагдсан. Гэхдээ засгийн газрын шийдвэрийн дагуу тухайн таван реакторыг бүрэн буулгах төлөвлөгөөг түр зогсооно. Засгийн газар болон “Engie” компани аравдугаар сарын 1 гэхэд гэрээнд хүрэхийг зорьж байна. Мөн Бельги одоо ажиллаж буй реакторуудын хугацааг сунгаж, цаашид шинэ цөмийн хүчин чадал бий болгохыг зорьж байна.

Зөвхөн Бельги ч гэлтгүй Европын бусад орнууд ч мөн цөмийн бодлогоо өөрчилж, дахин ашиглах болжээ. Гэсэн хэдий ч цөмийн эрчим хүч нь тус бүс нутагт маргаан дагуулсан хэвээр байна. Бельгийн цөмийн реакторыг аюулгүй байдлын шалгалтаар олон удаа зогсоож байсан бөгөөд хөрш орнууд эрсдэлээс болгоомжилж ирсэн. Жишээлбэл, 2017 онд Германы нэгэн хот цөмийн станцтай холбоотой айдсаас болж оршин суугчдадаа иодын шахмал тарааж байсан.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн