Францын Үндэсний ассамблей гэрлэсэн хосууд бэлгийн харьцаанд орох ёстой гэсэн утгатай “гэрлэлтийн үүрэг хариуцлага” гэх ойлголтыг албан ёсоор хүчингүй болгосон нэмэлт өөрчлөлтийг баталлаа.
Тус нэмэлт өөрчлөлтийг Францын Үндэсний ассамблей нэгдүгээр сарын 19-нд баталсан байна. Шинэ өөрчлөлтөөр Францын Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн эхний хэсэгт “гэр бүлийн хамтын амьдрал нь бэлгийн харьцаанд орох ямар нэгэн үүрэг хүлээлгэхгүй” гэж тодорхой заажээ. Ингэснээр гэрлэсэн л бол бэлгийн харьцаанд орох шаардлагагүй, хууль ёсны үүрэг байхгүй гэдгийг ил тод тогтоосон юм.
Өмнө нь Францын зарим шүүх “хамтын амьдрал” гэсэн ойлголтыг “нэг ор хуваалцах” гэж тайлбарлаж, бэлгийн харьцаанаас татгалзсан эхнэр, нөхрийн аль нэгнийг нь буруутгаж байсан тохиолдол гарч байв.
Шинээр батлагдсан заалт нь зөрчлийг арилгаж, бэлгийн харьцаанд орохоос татгалзахыг иргэний зөрчил гэж үзэх боломжгүй болгожээ. Ийм үндэслэлээр эхнэр, нөхөрт иргэний хариуцлага хүлээлгэхийг бүрэн хассан байна. Мөн уг өөрчлөлт нь 2025 оны нэгдүгээр сарын 23-нд Европын Хүний эрхийн шүүхээс гаргасан шийдвэртэй нийцэж байгаа бөгөөд тус шүүх “гэр бүлийн үүрэг” гэх ойлголт нь бэлгийн эрх чөлөө болон хүний өөрийн биеэ захирах эрхийг зөрчиж байна гэж дүгнэсэн юм.