Коммунист намын Өвөрмонгол дахь намын хорооны дарга асанг шалгаж байна

Хятад улс Коммунист намын Өвөрмонгол дахь намын хорооны дарга асан бөгөөд ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайд асан Сун Шаоченыг мөрдөн шалгаж байна. Тус улс цэргийн өндөр албан тушаалтнууд болох Жан Юшиа, Лю Жэнли нарыг саяхан мөрдөн шалгаж эхэлсэн. Үүний араас Сун Шаоченыг шалгаж эхэлснийг “SCMP” мэдээллээ.

65 настай Сун Шаочен Хятад улсад эрчийг аван үргэлжилж буй авлигын эсрэг кампанит ажилд ийнхүү өртөж байна. Түүнийг сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр Сахилгын хяналтын төв комисс шалгаж эхэлжээ.

Тэрбээр Хятадын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Нийгмийн хөгжлийн хорооны дэд даргаар ажилладаг. Түүнийг тэтгэврийн нас нь болсон ч гэлээ хагас ажиллах хөнгөвчилсөн журмаар 2025 оны аравдугаар сард энэ албан тушаалд томилжээ. Мөн тэрбээр Коммунист намын 20 дахь удаагийн Төв хорооны гишүүн. Коммунист намын Өвөрмонгол дахь намын хорооны даргаар тэр 2022-2025 оны хооронд ажиллажээ.

Дашрамд дурдахад, Сун Шаочены үед бүс нутгийн засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Ван Лишиаг мөн 2025 оны наймдугаар сард шалгаж эхэлсэн.

Сун Шаочен 1999 оноос ахмад дайчдын асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож ирсэн. Улмаар 2018 онд шинээр үүсгэн байгуулагдсан Ахмад дайчдын яамны анхны тэргүүнээр томилогджээ. Энэ албанд тэр 2022 он хүртэл хүчин зүтгэсэн байна.

Цахим ертөнцөд мэдээлж буйгаар, Сун Шаочен нь Жан Юшиа болон Төв Зөвлөлийн үзэл суртал, боловсон хүчний дарга асан Миао Хуа нартай ойр холбоотой ажилладаг байсан бололтой. Тэд ахмад дайчдын асуудалтай холбоотой дээд түвшний уулзалтуудад ихэвчлэн хамт оролцдог байжээ.

ЭХ СУРВАЛЖ: SCMP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн