Их мэдэгчид Хойд Солонгосын дайсан

Хойд Солонгосын дэглэмд цаазын ял бол цоо шинэ зүйл биш. Тус улсад хүн амын дунд айдас төрүүлэх хамгийн гол хэрэгслүүдийн нэг нь цаазын ял байсаар ирсэн. Цаазын ялтай, ялгүй гэдэгт энэ мэдээллийн гол утга учир оршихгүй. Гагцхүү тэр ялыг ямар шалтгаанаар оноож буй нь анхаарал татах юм.

Сөүл хотод төвтэй “Transitional Justice Working Group” хүний эрхийн байгууллагын саяхны тайланд Хойд Солонгост цаазын ял хэрхэн өөрчлөгдөж буйг харуулжээ. Уг тайланг гаргахдаа Ким Жон Уны үед цаазын ял авсан 144 тохиолдлыг шинжилсэн байна. Эдгээр 144 тохиолдлоос 136 нь батлагдаж, нийтдээ 358 хүн цаазлуулсан аж. Тайланд онцолж буйгаар бодит байдал дээр цаазлуулсан хүний тоо үүнээс ч олон байх магадлалтай.

Эндээс өөр нэгэн чухал дүгнэлтийг гаргасан нь Covid-19-өөс хойш Хойд Солонгост цаазын ял оноох үндэслэл ихээхэн өөрчлөгджээ. Өөрөөр хэлбэл, цаазын ял оноох шалтгаан хүчирхийллийн гэмт хэрэг зэргээс цаашлаад гадаад ертөнц, соёл, шашин, улс төрийн шинж чанартай болсон байна.

Ким Жон Уны дэглэм одоо энгийн нэг гэмт хэргээс бус гадаад ертөнцийн талаарх ил тод мэдээллээс айж байна. Ард иргэд гадаад ертөнцийн талаар илүү ихийг мэдэж авч, өөрсөдтэйгөө харьцуулах вий, өөр амьдралыг төсөөлж эхлэх вий гэдэг бол Ким Жон Уны хамгийн том айдас.

Хойд Солонгос улс гадаад ертөнцөд цөмийн зэвсэг, пуужин, ОХУ, АНУ-ын найз нөхөр гээд хүчирхэг дүр төрх бүрдүүлсэн. Гэвч дотооддоо ард иргэддээ ялих шалихгүй юм бүхэнд маш хатуу шийтгэл оногдуулж байна. Өмнөд Солонгосын кино үзэх, гадаад дуу сонсох, шашин шүтэх, улс төрийн эсэргүүцлээ ямар нэг байдлаар илэрхийлэх гэх мэт үйлдэл үүнд багтах юм.

Энэ зөрчилтэй байдал нь Ким Жон Уны тогтолцооны мөн чанарыг илчилдэг. Хойд Солонгос өөрийгөө хүчирхэг гэж харуулдаг ч ард иргэд нь хэт их зүйл мэдэхээс айдаг.

“Transitional Justice Working Group” байгууллага тайлангийн мэдээллээ цуглуулахдаа Covid-19-өөс өмнө ба хойдох үеийг харьцуулжээ. Covid-19-өөс урагшаа, хойшоо 1783 хоногийг эн тэнцүү судалж үзэхэд цаазын ял оноох тохиолдол 116.7 хувиар өссөн байна. Харин цаазлуулсан, шийтгэгдсэн хүмүүсийн тоо 247.7 хувиар нэмэгджээ.

Эндээс харвал Covid-19 зөвхөн эрүүл мэндийн хямрал байгаагүй. Бодит байдлаар хил хаах нь ч асуудал байгаагүй. Ким Жон Уны дэглэм цар тахлын онцгой нөхцлийг ашиглан өдөр тутмын амьдрал болон сэтгэлгээний хяналтаа хүн амын илүү гүн түвшинд хүргэсэн гэхэд болно. Халдварт өвчний хяналт зөвхөн шалтаг байсан гэсэн үг. Хил хаалт нь эхэндээ биет хаалт байснаа сүүлдээ үзэл суртлын хаалт болж хувирсан.

ЦААЗЫН ЯЛЫН ҮНДЭСЛЭЛ

Хил хаахаас өмнө цаазын ял оноох хамгийн түгээмэл шалтгаан нь аллага байсан. Харин хаалтын дараа гадаад соёл, мэдээлэл, тухайлбал Өмнөд Солонгосын кино, хөгжим, шашин, мухар сүсэг зэргийг үндэслэл болгон иргэдэд цаазын ял оноох болжээ.

Тайланд дурдсанаар гадаад соёл, мэдээлэл, шашин, мухар сүсэгтэй холбоотой цаазын ялын тохиолдол 250 хувиар өссөн байна. Энэ нь Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосын соёлыг зүгээр нэг хориотой контент гэж үзэхээ больсныг илтгэнэ. Харин тэдгээрийг дэглэмийн үнэнч байдлын бүтцэд аюул учруулах улс төрийн заналхийлэл гэж үзэж байна.

Хойд солонгосчууд гадаад ертөнцийг таньж авснаар эрх баригчдынх нь тэдний оюун санаанд суулгаж өгсөн ертөнцийг харах үзэл туйлын эмзэг эд болж хувирах юм.

Тиймээс Хойд Солонгосын гадаад соёлын эсрэг хатуу арга хэмжээ нь зөвхөн соёлын асуудал биш юм. Энэ нь мэдээллийн хяналт, үзэл суртлын хяналт, дэглэмийн аюулгүй байдлын тухай асуудал юм. Өмнөд Солонгосын кино үзсэн хойд солонгос хүн өөрийн амьдралыг тэднийхтэй харьцуулна гэдэг Ким Жон Уны хамгийн том айдас.

Covid-19-өөс хойших өөр нэг анхаарал татсан хандлага нь улс төрийн шалтгаант цаазын ялын өсөлт юм. Хил хаасны дараа Ким Жон Уны тушаалыг зөрчих, Ким, нам, эсвэл Төрийн мэдээллийн товчоог шүүмжлэхтэй холбоотой цаазын ял эсвэл шийтгэлийн тохиолдол огцом өссөн гэж тайланд тэмдэглэжээ. Төрийн мэдээллийн товчоо буюу хуучнаар Төрийн аюулгүй байдлын яам нь тус улсын улс төрийн аюулгүй байдлын гол агентлаг.

Тайланд дурдсанаар улс төрийн шинжтэй цаазын ял эсвэл шийтгэлийн тохиолдол 225 хувиар өсчээ. Энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүсийн тоо 600 хувиар өссөн байна. Энэ нь Ким Жон Уны тогтолцооны тогтворгүй байдлыг харуулж байна. Гадаад ертөнцөд тэр өөрийгөө цөмийн хүчин чадалтай, Оростой дотно харилцаатай, хиймэл дагуултай хүчирхэг удирдагч мэт харуулдаг.

Харин дотооддоо иргэн хүний үг, үйлдэл, сэтгэл ханамжийн илэрхийлэл бүрийг хатуу шийтгэж байна.

Үнэхээр хүчтэй тогтолцоо шүүмжлэлээс ингэтлээ айхгүй. Харин Хойд Солонгос өчүүхэн дургүйцэл, санамсаргүй хэлсэн үгийг хүртэл аюул гэж үздэг.

ЦААЗЫН ЯЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ТӨРӨЛ

Хойд Солонгост цаазын ял нь “үзэгчдэд” зориулсан засаглалын үйлдэл юм. Олон нийтийн өмнө гүйцэлдүүлэх цаазын ял нь хүн амд төрийн хүчирхийллийг шууд харуулдаг. Зөвхөн тухайн хүнийг шийтгэхэд энэ ажиллагааны зорилго оршихгүй. Цаазын ажиллагааг олон нийтэд харуулснаар хүн бүхэн ямар шугамыг давж болохгүй вэ гэдгээ ойлгож авдаг.

Цаазын ялыг төрлөөр нь ангилбал, олон нийтийн өмнө цаазлах тохиолдол 51.1 хувь, зорилтот бүлгийн өмнө цаазлах тохиолдол 21.7 хувь, нууцаар гүйцэтгэх тохиолдол 22.5 хувь, товч цаазын ялын тохиолдол 4.7 хувь байжээ.

Мэдээж олон нийтийн өмнө цаазлах нь айдас түгээх зорилготой. Харин нууц цаазын ялыг маш нууц, чухал хэрэгт холбогдсон хүмүүсийг мэдээлэл алдагдуулахгүйгээр устгахад ашигладаг. Улс төрийн шинжтэй хэрэг болон аюулгүй байдлын байгууллагатай холбоотой хэргүүд ихэвчлэн ийм байдлаар шийдэгддэг.

Товч цаазын ял гэдэг нь шүүхийн бүрэн ажиллагаа, урт мөрдөн байцаалтгүйгээр, шууд газар дээр нь эсвэл маш хурдан хугацаанд гүйцэтгэдэг цаазын ял юм.

Өмнө нь Хойд Солонгост цаазын ял болон хяналтын ажиллагаа нь ихэвчлэн хил орчмын бүсэд төвлөрдөг байв. Ялангуяа Хятадын хил дагуух Рянганг болон Хойд Хамгён мужууд нь гадаад бараа, мэдээлэл харьцангуй их орж ирдэг тул онцгой анхаарлын төвд байсан.

Гэвч Covid-19-өөс хойш үзэл суртлын цэвэрлэгээний цар хүрээ газар зүйн хувьд ихээхэн өөрчлөгджээ. Тайланд дурдсанаар цаазын ял бүртгэгдсэн бүс нутгийн тоо хил хаахаас өмнө найм байсан бол дараа нь 19 болж нэмэгджээ. Энэ нь эрх баригчид гадаад мэдээллийн аюулыг хил орчмын асуудал гэж үзэхээ больсныг харуулж байна.

Үндсэндээ Ким Жон Уны тогтолцоо хаашаа явж байгааг ойлгохын тулд зөвхөн цөмийн зэвсэг, пуужинг нь харах хангалтгүй. Харин тэдний ард иргэдээ юу хийхийг хориглож байгааг, юунаас айж байгааг, яаж чимээгүй байлгаж байгааг ч мөн харах хэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн