ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 1 /Reuters/. АНУ-ын Дээд шүүх мягмар гарагт буюу зургаадугаар сарын 30-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан зарлигийг хууль бус гэж үзлээ. Уг зарлиг нь Үндсэн хуулийн 14 дэх нэмэлт өөрчлөлтөд заасны дагуу АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн бүх хүүхдэд автоматаар иргэншил олгох эрхийг хязгаарлаж байсан юм. Холбогдох шийдвэрийг АНУ-ын дээд шатны шүүх байгууллагын цахим хуудсанд нийтэлжээ.
Д.Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ эхний өдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 20-нд эх нь АНУ-д хууль бусаар оршин сууж байгаа эсвэл тус улсад байнгын оршин суух эрхгүй тохиолдолд төрүүлсэн хүүхдэд нь иргэншил олгохгүй байх тухай зарлиг гаргасан юм. Уг баримт бичгийг хүчингүй болгохыг зургаан шүүгч дэмжиж, гурван шүүгч эсэргүүцсэн байна.
Үүнээс өмнө гурван шүүгч Д.Трампын зарлигийг хүчингүй болгохыг оролдсон боловч Дээд шүүх 2025 оны зургаадугаар сард тэдний шийдвэрийг цуцалж байжээ. Тухайн үед Д.Трамп энэ шийдвэрийг “агуу том ялалт” хэмээн мэдэгдэж байсан юм.
АНУ-ын Үндсэн хуулийн 14 дэх нэмэлт өөрчлөлтийг өөр өөрөөр тайлбарласнаас үүдэн шүүгчдийн байр суурь хуваагджээ. Уг нэмэлт өөрчлөлтийг Иргэний дайн дууссанаас хойш гурван жилийн дараа буюу 1868 оны долоодугаар сарын 9-ний өдөр баталсан бөгөөд АНУ-д төрсөн, боолчлолоос чөлөөлөгдсөн өнгөт арьстнуудын эрхийг баталгаажуулах зорилготой байв. Гэвч уг нэмэлт өөрчлөлтийн эх бичвэр нь харьцангуй өргөн хүрээг хамардаг. Тухайлбал, “Америкийн Нэгдсэн Улсад төрсөн эсвэл хууль ёсны журмаар иргэн болсон тус улсын харьяалалд байгаа бүх хүн Америкийн Нэгдсэн Улсын болон өөрийн оршин суугаа муж улсын иргэн мөн” гэж заасан байдаг аж.
“Иргэншил гэдэг нь тухайн үед ч, одоо ч эдлэх эрх өөрөөр хэлбэл манай улс төрийн хамтын нийгэмлэгийн амьдралд чөлөөтэй оролцох боломжийг илэрхийлдэг байсаар ирсэн. Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийг боловсруулагчид энэхүү амлалтыг “энэ нутагт эрх чөлөөтэй төрсөн хүн бүр”-д хамааруулсан. Өнөөдөр бид тэрхүү амлалтыг хэрэгжүүлж байна” хэмээн 2005 оноос хойш Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж буй Жон Робертс мэдэгджээ. Үүний зэрэгцээ шийдвэр гаргахад оролцсон шүүгчдийн нэг Кларенс Томас Дээд шүүээс гаргасан эцсийн шийдвэрийг “энгийн бус” гэж тодорхойлсон байна. Тэрбээр мэдэгдэхдээ, “Шүүх 14 дэх нэмэлт өөрчлөлтийн гунигт түүхэнд шинэ хуудас нэмж байна. Учир нь энэхүү нэмэлт өөрчлөлтийг анх боолчлолоос чөлөөлөгдсөн хар арьст америкчуудын эрх тэгш байдлыг хангах зорилгоор боловсруулж, ойлгож байсан. Гэтэл одоо үүнийг Сэргээн босголтын үед (Иргэний дайнд ялагдсан Өмнөд муж улсуудыг АНУ-ын бүрэлдэхүүнд буцаан нэгтгэж, боолын тогтолцоог халах үе) Конгрессын дэмжээгүй улс төрийн төслүүд рүү чиглүүлчихлээ” хэмээн онцлон тэмдэглэжээ.