Нью-Йорк хотын эрх баригчид DoorDash компанийг хүргэлтийн ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон хамгаалалтын дүрмийг зөрчсөн гэж үзэж, нийт 131.5 сая ам.доллар төлүүлэхээр болжээ.
Хотын Хэрэглэгч, ажилтныг хамгаалах газар ажилчдын гомдлыг шалгасны дараа хоцорсон болон дутуу тооцсон цалингийн 115 сая гаруй ам.долларыг ажилчдад олгохоор шийдвэрлэсэн байна.
DoorDash төлбөрийн зөрүүг техникийн саатал, хотын хил дамнасан хүргэлт, олон цэгтэй захиалга, цуцлагдсан эсвэл бүрэн биелээгүй хүргэлттэй холбон тайлбарлажээ. Мөн цалин тооцох аргачлалын талаар хотын дүрэмтэй санал зөрсөн гэж мэдэгдсэн байна.
