COP17: Монгол Улсын Засгийн газар, манай улсын ард түмэнд талархал илэрхийлсэн тогтоолыг баталжээ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, манай улсын ард түмэнд талархал илэрхийлсэн тогтоолыг баталжээ.

Уг тогтоолын төслийг Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас санаачлан өргөн барьсан байна.

Тогтоолд Бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулах бүхий л нөхцөл, боломжийг бүрдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон оролцогчдыг халуун дотноор хүлээн авч, зочломтгой зангаар угтсан Монголын ард түмэнд конвенцын Талуудын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлжээ.

Энэхүү тогтоол нь Монгол Улс COP17-ыг амжилттай зохион байгуулж, цөлжилт, газрын доройтол, гангийн сорилтыг даван туулах олон улсын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг урагшлуулахад оруулсан хувь нэмрийг Конвенцын Талууд өндрөөр үнэлсний илэрхийлэл юм.

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцод 197 Талууд нэгдсэн байдгийн 170 гаруй нь Улаанбаатар хотноо болсон COP17 бага хуралд ирж оролцсон байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн