Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэж байна

 Ерөнхий сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан нар өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлэв.

2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, “Засгийн газар энэхүү төсвийн хүрээнд есөн шийдвэр гаргалаа. Байгалийн баялгийн үр өгөөжөө иргэддээ тэгш хүртээнэ. Жижиг дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлээ дэмжиж, эдийн засгаа сэргээхэд чиглэж байна. Оюутолгой төслөөс Монгол Улс анх удаа ногдол ашиг авах гэж байна. Үүнийг түлш эрчим  хүчний хараат байдлыг бууруулахад зарцуулна. Тухайлбал, Дулааны 3 дугаар цахилгаан станцын дэргэд 300 МВт-ын хүчин чадалтай Дулааны 6 дугаар цахилгаан станц барьж байгуулах, 10 аймагт дулааны цахилгаан станц байгуулах ажлыг дуусгана. Хуримтлалын санд мөн төвлөрүүлж, иргэдийн эрүүл мэнд, орон сууцанд зарцуулахаар төлөвлөсөн” хэмээв.

УИХ-ын дарга С.Бямбацогт, “Монголчууд анх удаа Оюутолгой төслөөс ногдол ашиг авах гэж буй нь иргэдэд зориулах эх үүсвэрийг нэмж байна” гэлээ.

2027 оны улсын төсвийн төслийн онцлох тоо, мэдээллээс дурдвал: 

  • Төрийн өмчит компаниудын засаглал, ашигт ажиллагааг сайжруулна. 2027 онд төсөвт төвлөрөх ногдол ашгийн хэмжээ 3.5 их наяд байхаар тооцоолов.
  • Ахмад настанд суурь тэтгэвэр 100,000-300,000 төгрөг нэмж олгоно.
  • Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон амжиргаа доогуур иргэдийг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийн хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлж, орлогыг нь хамгаална.
  • Бүх төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмнэ.
  • Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлж, иргэдийн татварын ачааллыг 840 тэрбум төгрөгөөр чөлөөлнө.
  • Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд иргэдийг 186.3 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байна. Ажил хөдөлмөр эрхэлж буй 18-24 насны суралцагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлнө. Гарааны бизнес эрхэлж буй ААН, байгууллагын ажил олгогчийн төлөх НДШ-ийг 3 хүртэлх ажилтанд 36 сараар чөлөөлнө. Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, аль нэг ажлаасаа НДШ төлнө.
  • 16 мянга орчим иргэнийг хөнгөлөлттэй зээл болон хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулна.
  • Нэг хүүхэд-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбартай болно.
  • Ерөнхий боловсролын 100 сургуулийг сэргээгдэх эрчим хүчний системд холбож, дулаан алдагдлыг бууруулж, орчин үеийн технологийн шийдлээр шинэчилж “Ногоон сургууль” болгоно.
  • “Ногоон Чөлөөлөлт”-ийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нарны хавтан, цахилгаан хураагуур, цэнэглэгч станц, цахилгаан тэжээлт машин, механизмыг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлнө.
  • Цахилгаан машин цэнэглэх 500 өртөө барьж байгуулах зэрэг багтаж байна.

Хуулийн төсөлд тусгасан төсвийн тусгай шаардлагуудыг дараах байдлаар тооцсон байна. Үүнд:

  • Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудын гаргасан үнийн төсөөлөлд үндэслэн, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон экспортын төлөвтэй уялдуулан тооцож, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тодорхойлсон.
  • Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл: Уг тэнцлийг төсвийн жилийн дотоотын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байхаар тооцож, төсвийн тусгай шаардлагыг хангахаар тусгасан байна.
  • Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ: Тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байхаар тооцож, эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулан төсвийн зарлагыг төлөвлөх зохицуулалтыг тусгажээ. Мөн  2027 оны хувьд нэмэгдсэн орлогын хэмжээгээр нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож уг тусгай шаардлагыг 2027 онд мөрдөхгүй байхаар, 2028-2029 онд төсвийн тусгай шаардлагыг хангахаар тусгажээ.
  • Засгийн газрын өр: Уг өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийг 2027-2028 онд тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 50 хувиас, 2029 онд 45 хувиас хэтрэхгүй байхаар тус тус тооцсон. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдэл тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх шаардлагыг хангаж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн