БНСУ: Ерөнхий сайдад нэр дэвшигч Хан залуу албан тушаалтнуудтай уулзав

Han Seong-sook

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён Жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн сайд Хан Сон Сукийг ерөнхий сайдад нэр дэвшүүлээд буй. Тэгвэл Хан Сон Сук зургадугаар сарын 12-ны өдөр ерөнхий сайдын албанд ажиллаж буй залуу албан тушаалтнууд болон дадлагажигчидтай уулзалт хийж, тэдний амьдралд тулгарч буй асуудлуудыг сонсов. Мөн засгийн газар тэдний төлөө юу хийвэл болох талаар санал хүсэлтийг нь сонсчээ.

Залуу албан тушаалтнууд орон сууцны үнийн өсөлт, ажил олоход тулгарч буй бэрхшээлүүд болон бусад асуудлын талаар санал хүсэлтээ хэлсэн байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Хан Сон Сук хэлэхдээ “Бодлого боловсруулах явцад юу юунаас илүү чухал зүйл бол залуучуудын дуу хоолойг шууд сонсож, бодлогодоо тусгах явдал” гэжээ. Мөн тэрбээр ерөнхий сайд болчихвол залуучуудтай илүү ойр ойрхон харилцах болно гэдгээ амлалаа.

Түүнийг ерөнхий сайд болох эсэхийг парламентаар батлах ёстой. Гэхдээ эрх баригч Ардчилсан нам олонх суудалтай тул асуудалгүй батлагдана гэж найдаж байгаа юм. Хэрэв Үндэсний ассамблей энэ томилгоог баталбал 59 настай Хан Сон Сук нь 2006-2007 онд ерөнхий сайдаар ажиллаж байсан Хан Мён Сукийн дараа тус улсын хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд болох юм.

Хан Сон Сук нь Жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн сайдаар ажиллаж байхдаа хурд, үр дүн, бодит нөхцөл байдалд тулгуурласан засаглалыг чухалчилдаг байв. Үүний үр дүнд тус яам түүхэн дэх хамгийн өндөр экспортын үзүүлэлтэд хүрч, гарааны бизнесийн экосистемийг сэргээх зэрэг бодит үр дүнгүүдийг бий болгосон аж.

Түүнчлэн Хан Сон Сук нь Өмнөд Солонгосын мэдээллийн технологийн салбарын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг. Тэрбээр тус улсын хамгийн том интернет портал болох “Naver” компанийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм. “Naver” компанид 2007 оноос хойш ажиллах хугацаандаа тэрбээр янз бүрийн удирдах албан тушаал хашиж явсаар, 2017 онд анхны эмэгтэй гүйцэтгэх захирал болж, хиймэл оюун ухаан болон дижитал үйлчилгээний өргөжилтийн үед интернетийн аварга компанийг удирджээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн