“Bithumb” санамсаргүйгээр 40 тэрбум доллар бүхий биткойн тараажээ

Prague, Czech Republic – January 1, 2000: Golden Bitcoins on a gold background .Photo (new virtual money )

Өмнөд Солонгосын криптовалютын бирж “Bithumb” санамсаргүйгээр хэрэглэгчдэдээ 40 тэрбум ам.доллар давсан үнэтэй биткойн тарааж, зарим хүнийг богино хугацаанд олон сая ам.долларын хөрөнгөтэй болгожээ. Тус бирж анх хэрэглэгчдэдээ 1.37 ам.долларын жижиг урамшуулал өгөхөөр төлөвлөсөн байв. Гэвч Баасан гаригт (2026.02.06) санамсаргүйгээр хүн тус бүрт 2,000 биткойн шилжүүлсэн байна.

“Bithumb” алдаагаа хурдан анзаарч, буруу шилжүүлсэн биткойны бараг бүгдийг нь буцаан татжээ. Системийн доголдлоос хойш 35 минутын дотор 695 хэрэглэгчийн арилжаа болон мөнгө татах үйлдлийг түр зогсоосон байна. Нийт буруу шилжүүлсэн биткойны 99.7 хувийг эргүүлэн авсан гэж мэдэгджээ. Тус компани энэ явдал нь хакерын халдлага эсвэл аюулгүй байдлын зөрчилтэй холбоогүй бөгөөд системийн аюулгүй байдал болон хэрэглэгчийн хөрөнгийн удирдлагад асуудалгүй гэж онцолсон байна.

Дараа өдөр нь болсон яаралтай хуралдаанаар Өмнөд Солонгосын санхүүгийн зохицуулагч байгууллага уг хэргийг шалгана гэж мэдэгдсэн бөгөөд хууль бус үйлдлийн шинж тэмдэг илэрвэл албан ёсны мөрдөн шалгалт эхлүүлэх ажээ.”Bithumb” зохицуулагчидтай бүрэн хамтран ажиллахаа илэрхийлж, “энэ алдаанаас сургамж авч, гадаад өсөлтөөс илүү хэрэглэгчийн итгэл болон сэтгэл амар байдлыг нэн тэргүүнд тавина” гэж гүйцэтгэх захирал Ли Жэ Вон мэдэгджээ.

Мөн тухайн үед платформ ашиглаж байсан бүх хэрэглэгчдэд 13.66 ам.долларын нөхөн төлбөр олгож, арилжааны шимтгэлийг тэглэх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Түүнчлэн шалгалтын системээ сайжруулж, хэвийн бус гүйлгээг илрүүлэхэд хиймэл оюун ухаан ашиглана гэж мэдэгдсэн. Энэ хэрэг нь санхүүгийн салбарт зохицуулалтыг чангатгах шаардлагын талаар дахин хэлэлцэхэд хүргэх магадлалтай. Үүнтэй төстэй алдаа 2024 оны дөрөвдүгээр сард АНУ-ын “Citigroup” банканд гарч, нэг хэрэглэгчийн дансанд 280 ам.долларын оронд 81 их наяд ам.доллар буруу шилжүүлсэн. Гэсэн хэдий ч хэдхэн цагийн дараа алдаагаа зассан тухай “Financial Times” мэдээлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн