ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 13 /Anadolu/. АНУ-ын Сангийн яам тус улсын хоёр дахь том банк болох “Bank of America”-д мөнгө угаахтай тэмцэх болон хориг арга хэмжээний тухай хууль тогтоомжийг зөрчсөнтэй холбогдуулан 1.21 тэрбум гаруй ам.долларын торгууль ногдуулснаа мягмар гарагт мэдэгджээ.

Энэ нь АНУ-ын Сангийн яамны түүхэн дэх гурав дахь том торгууль, мөн Валютын хяналтын газраас (OCC) ногдуулсан хамгийн их хэмжээний торгууль болохыг тус яамны мэдэгдэлд дурдсан байна. 

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ (FinCEN) үндэсний аюулгүй байдалд нэн тэргүүний ашиг сонирхолд хамаарах сэжигтэй гүйлгээний талаар мэдээлэх, эрсдэлийг зохих ёсоор бууруулах үүргээ тус банк биелүүлээгүйтэй холбоотойгоор арга хэмжээ авсан бол Валютын хяналтын газар банкны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хөтөлбөрт илэрсэн дутагдлын улмаас ийм шийдвэр гаргажээ.

FinCEN-ээс ногдуулсан 1.2 тэрбум ам.долларын торгуулийн дүнд Валютын хяналтын газраас ногдуулсан 750 сая ам.долларын иргэний торгуулийг тооцож оруулсан байна.

“Дээрх дутагдлуудын улмаас “Bank of America” нь 5 тэрбум гаруй ам.долларын сэжигтэй гүйлгээг FinCEN-д цаг тухайд нь мэдээлээгүй бөгөөд үүний 1 тэрбум гаруй ам.доллар нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой болон Хятадын мөнгө угаах, залилан мэхлэх сүлжээ, АНУ-ын баруун өмнөд хилийн бүс дэх худалдаанд суурилсан мөнгө угаах үйл ажиллагаа зэрэг бусад хууль бус санхүүгийн ажиллагаатай холбоотой эрсдэл ихтэй гүйлгээнүүд байсан” гэж Сангийн яамны цахим хуудсанд нийтэлсэн хэвлэлийн мэдээнд дурджээ.

Үүнээс гадна, Гадаад хөрөнгийн хяналтын газар (OFAC) тус банктай Иран, Орос, мөн мансууруулах бодисын хууль бус наймаа, олон улсын терроризмтой холбоотой хориг арга хэмжээ зэрэг хэд хэдэн хориг арга хэмжээний хөтөлбөрийг зөрчсөн байж болзошгүй 475 тохиолдолтой холбоотойгоор тус банктай 11.6 сая ам.доллар төлж барагдуулах тохиролцоонд хүрсэн байна.

“Санхүүгийн байгууллагууд манай улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагааны тэргүүн эгнээнд байдаг. Ийм хэмжээний том банк мөнгө угаахтай тэмцэх болон хориг арга хэмжээтэй холбоотой үүргээ биелүүлээгүй тохиолдолд үр дагавар нь зөвхөн тухайн банкаар хязгаарлагдахгүй, АНУ-ын санхүүгийн тогтолцоог бүхэлд нь хууль бус санхүүгийн үйл ажиллагааны ноцтой эрсдэлд оруулдаг” гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгджээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх