Аргентинчууд залбирч, Месси адислав

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Аваргаа хамгаалагч Аргентины шигшээ баг өнөөдөр/2026.06.17/ хэсгийн эхний тоглолтоо Алжирын эсрэг хийлээ. Энэ тоглолтын өмнө Франц тоглож, Мбаппе хоёр гоол оруулснаар дэлхийн аваргын мэргэн буучийн жагсаалтад Мессиг гүйцэв. Тиймээс Мессиг хариу барьж, Мбаппетай тэнцээсэй, илүү гараасай гэж хүсэх хүн олон байсан.

Аргентины шигшээ баг тоглолт эхлээд удаагүй байхад гоолдсон ч отон тоглолт байлаа. Удалгүй Алжир гоолдсон ч мөн л отон тоглолтоос эхлэлтэй байжээ. Гэхдээ Месси үзэгчдийг хүлээлгэсэнгүй. Тэрбээр ганган алсын цохилтоор гоол оруулж, багтаа тэргүүллийг авчрав. Мөн Мбаппетай дэлхийн аваргад оруулсан гоолоороо тэнцсэн.

Аргентины хамгаалалт, дундын шугам Алжирын довтолгоог, оролдлогыг удаа дараа үгүй хийж байлаа. Хоёрдугаарт үед Месси хаалгачаас ойсон бөмбөгийг нэмж, дэлхийн аваргын 15 дахь гоолоо оруулснаар Бразилын Роналдотой зэрэгцсэн.

Аргентинчууд залбирч, Месси адислав

Түүний гоолын сав хоёроор дүүрсэнгүй. 76 дахь минутад дахин нэг удаа алсын цохилтоор гоолдон дэлхийн аваргын бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтад Германы Мирослав Клозетой 16 гоолтой хайнцав.

Мессиг хоёр болон гурав дахь гоолоо оруулсны дараа цэнгэлдэхэд хуран чуулсан Аргентины фанатууд түүнд мөргөж, хүндэтгэл үзүүлж байлаа. Хөлбөмбөгийг шашин мэт шүтдэг, дээдэлдэг энэ улсын ард түмэн Мессиг бурхан мэт тахин шүтэж, бахархлаа болгосон билээ. Аргентинчуудын залбирлыг сонссон гэлтэй Месси гурван гоол оруулж, фанатууддаа адислалаа. Одоо тэрбээр дахин нэг л гоол оруулахад бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн