АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан Мьянмарын хамгийн том хот Янгонд нас барсан байдалтай олдсоныг АНУ-ын Төрийн департмент мэдэгдэв. Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, энэ хэрэгт холбогдуулан нэгэн тайланд эмэгтэйг баривчлаад байна. Мөн Мьянмарын цагдаагийн байгууллага энэ хэргийг аллага байж магадгүй гэж таамаглаж буйг эх сурвалжууд мэдээлэв. Үхлийн шалтгаан болон нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан өгөөгүй байна.
Элчин сайдын яамны ажилтан хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын Элчин сайдын яамнаас 1.5 км зайд орших нэгэн зочид буудалд нас барсан байдалтай олджээ. Тухайн зочид буудал нь дипломатууд болон бизнес эрхлэгчид, олон улсын зочид удаан хугацаагаар түрээсэлдэг гэдгээрээ алдартай.
Тайландын Гадаад хэргийн яам цагдан хоригдож буй эмэгтэйд консулын туслалцаа үзүүлж, гэр бүлд нь мэдэгдсэн гэдгээс өөр дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.
Дашрамд дурдахад, Мьянмар улс яг одоо иргэний дайны нөхцөл байдалтай байгаа билээ. Тус улсын ардчилсан засгийн газрыг цэргийнхэн хяналтдаа авснаар иргэний дайн дэгдэж, таван жил гаруй үргэлжилж байна. Өдгөө цэргийнхэн Мьянмарын газар нутгийн 21 хувийг хяналтдаа байлгаж байна. Өнгөрсөн хугацаанд 96 мянга гаруй хүн дайны хөлд үрэгдэн нас барж, 3.6 сая хүн орон гэрээ орхин дүрвэснийг НҮБ мэдээлсэн юм.