АНУ-ын цэргийнхэн Оманы буланд явж байсан газрын тосны танкерыг хориг зөрчсөн гэж буруутган, цохилт өгсөн. Палаугийн далбаатай “Settebello” хөлгийн багийнхан АНУ-ын хүчний өгсөн зааврыг удаа дараа биелүүлээгүй учир хөдөлгүүрийн өрөө рүү нь галласан гэж АНУ-ын Төв командлал “Х” хаягаараа жиргэжээ.
Тэгвэл энэ цохилтоос болж хөлгийн багийн гурван хүн сураггүй болоод буйг Энэтхэгийн засгийн газар мэдэгдлээ. Азаар бусад 21 хүнийг нь аварч чаджээ. Энэтхэгийн засгийн газар мэдэгдэлдээ “Бүс нутаг дахь арилжааны хөлөг онгоцууд болон иргэний дэд бүтцийг онилдог явдлыг таслан зогсоох ёстой” гэжээ.
АНУ-ын хүчин хэдхэн хоногийн өмнө мөн л энэтхэг далайчдаар баг бүрдүүлсэн Палаугийн далбаатай газрын тосны танкерт цохилт өгсөн. Үүнийхээ дараа мөн л “Marivex” хөлгийн багийнхан АНУ-ын зааврыг биелүүлээгүй тул цохилт өгсөн гэх тайлбарыг өгчээ. “Marivex” хөлгийн багийн 24 гишүүнийг Оманы цэргийнхэн эсэн мэнд аварч чадсан байна.
Ираны тал Ормузын хоолойг хаасны дараа АНУ-ын цэргийнхэн Ираны боомтуудыг бүсэлж, хаасан. Дөрөвдүгээр сарын 13-ны бүслэлтээс хойш АНУ бүс нутагт найман хөлөг онгоцонд цохилт өгч, 134 хөлгийг өөр зүгт чиглүүлжээ. Хамгийн сүүлийн цохилттой холбоотойгоор Энэтхэгийн засгийн газар Дели дэх АНУ-ын төлөөлөгчийг дуудуулаад байна.