ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Төрийн дум болон бүс нутгийн сонгуулийн дараа цэргийн шинэ дайчилгаа зарлана гэсэн мэдээллийг няцаалаа.
Тэрбээр, Мягмар гаригт (2026.09.01) сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө уг цуу яриаг “бүрэн утгагүй зүйл, Оросын эсрэг чиглэсэн мэдээллийн халдлага” гэж мэдэгдсэн байна.
Оросын Украинд эхлүүлсэн дайн тав дахь жилдээ үргэлжилж буй энэ үед армийн хүний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Путин дахин дайчилгаа зарлаж магадгүй гэсэн таамаг сүүлийн үед нэмэгджээ. Кремль өмнө нь ийм мэдээллийг үгүйсгэж, гадаадын худал мэдээллийн кампанит ажил хэмээн тайлбарлаж байсан юм.
Харин өнгөрсөн долоо хоногт Украины тагнуулын байгууллагууд Орос улс энэ болон ирэх онд 600 мянган хүнийг дайчлах төлөвлөгөө боловсруулж байна гэж мэдээлсэн байна.
Путин 2022 оны есдүгээр сард 300 мянган нөөц хүчнийг хамарсан “хэсэгчилсэн дайчилгаа” зарлаж байсан. Тухайн үед ч дайчилгаа зарлана гэсэн мэдээллийг Кремль урьдчилан няцааж байжээ. Энэхүү шийдвэрийн дараа цэргийн албанд татагдах боломжтой олон мянган хүн Оросоос гарсан юм.
Сүүлийн жилүүдэд Орос улс цахим цэрэг татлагын бүртгэл нэвтрүүлэх, цэрэг татлагын үйл явцыг жилийн турш үргэлжлүүлэх зэрэг өөрчлөлт хийсэн нь шинэ дайчилгаанд бэлтгэж байна гэсэн хардлагыг төрүүлж буй.
Гэхдээ зарим шинжээч дахин олноор нь дайчлах нь хүндрэлтэй байх бөгөөд фронт дахь асуудлыг бүрэн шийдэхгүй гэж үзэж байна. Мөн 2022 онд гаргасан “хэсэгчилсэн дайчилгаа”-ны зарлиг одоо ч хүчин төгөлдөр байгаа тул Путин шинэ дайчилгааг албан ёсоор зарлах шаардлагагүй байж магадгүй гэж ажиглагчид онцолжээ.