Арктикийн гүнд орхигдсон аюул

Хэрэв та ямар нэгэн зүйл нуухыг хүсвэл Арктикийн гүнээс илүү тохиромжтой газар үгүй. Тэр тусмаа таны нуух зүйл ЗХУ-ын цөмийн шумбагч онгоцуудыг хөдөлгөж байсан өндөр цацраг идэвхт түлш бол бүр ч илүү тохирно. Оросын алс хойд туйлын энэ хүйтэн булан цөмийн хог хаягдлын цэг гэдгээрээ танигдаад багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд Арктикийн гүн дэх тэрхүү цөмийн хог хаягдлыг цэвэрлэх ажил ч идэвхтэй үргэлжилсэн.

Гэвч Орос, Украины дайн эхэлснээс хойш энэ цэвэрлэгээ утгаа алджээ. Дайн эхэлсэн даруйд Колын хойг дахь тэнгисийн цэргийн бааз байсан Андреевын буланг цэвэрлэх олон улсын санхүүжилт бараг л нэг шөнийн дотор зогссон юм.

Андреевын булан гэх энэ газар ЗХУ маш их хэмжээний ашигласан цөмийн түлш үлдээсэн. Тэндээс ердөө 60 километрийн зайд орших Норвеги улс нэг л буруу алхам хийвэл жижиг хэмжээний цөмийн дэлбэрэлт ч үүсч магадгүй байв.

ОХУ өдгөө цэвэрлэгээний төслийг ганцаараа удирдаж байна. Гэвч тэд энэ ажилд яг чин үнэнээсээ хандаж буй эсэх нь эргэлзээтэй. ОХУ-ын засгийн газар төслийн хугацааг тасралтгүй сунгаж байгааг байгаль орчны идэвхтнүүд жишээ татан ярьж байна.

Норвегийн байгаль орчны “Беллона” ТББ-ын зөвлөх Александр Никитин өмнө нь цэвэрлэгээний ажлыг удирдан явуулж байжээ. Зөвлөлтийн тэнгисийн цэргийн офицер асан тэрбээр 1990-ээд онд хаягдсан түлшний аюулын талаар анх удаа түгшүүрийн харанга дэлдэж байв. Түүний идэвхтэй үйл ажиллагаа Оросын шинэ тутам хөгжиж байсан ардчиллын улаан шугамыг давж, улмаар Никитин эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдсан ч хожим нь тус улсын түүхэнд энэ хэргээр цагаадсан цөөхөн хүмүүсийн нэг болсон юм. Өнөөдөр тэр байгаль орчны зүтгэлтэн болсон бөгөөд Андреевын булангийн нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажиглаж байна.

Түүний ажилд хууль эрх зүйн саад тотгор учруулсан хүчин зүйл нь дайны үеийн Оросын засгийн газар. ОХУ “Беллона” байгууллагыг 2023 онд “хүсээгүй байгууллага”-аар зарлаж, үйл ажиллагааг нь хуулиар хориглосон.

Оросын Колын хойгийн хойд эрэг бол эрс тэс уур амьсгалтай туйлын бүс нутаг. Тэнд орших Андреевын булан нь Мурманскаас баруун хойш 60 орчим километрийн зайд, жилийн турш хөлддөггүй нарийн хэсэгт байрладаг.

Зөвлөлтийн эрх баригчид 1960-аад онд энд жижиг хэмжээний барилгуудыг барьжээ. Тэдгээрийн зарим нь цөмийн шумбагч онгоцуудад үйлчилгээ үзүүлэх зориулалттай байсан. Тэр дунд анзаарахгүй байхын аргагүй нэг байшин байсан нь өндөр цацраг идэвхт уран болон плутонийн түлшийг хадгалах хамгаалалтын байгууламж байв.

Энэ газар илт аюултай байсан хэдий ч 1982 оныг хүртэл томоохон эрсдэлд тооцогддоггүй байжээ. Тухайн жил цөмийн түлш хадгалж байсан саванд цууралт үүссэнээр хэдэн сарын турш 600 мянган тонн цацраг идэвхт ус Баренцын тэнгист цутгасан байдаг. Харамсалтай нь ЗХУ задран унах хүртэл энэ тухай хэн ч мэдээгүй.

Норвегийн байгаль орчны зүтгэлтэн Томас Нильсен 1990-ээд оны эхээр Андреевын буланд анх очоод харсан зүйлдээ асар их цочирджээ. Тэнд цөмийн түлш ямар ч хамгаалалтгүй агаарт дэгдэж, барилгууд нурж унаж, хашаа хороо ч үгүй байжээ. Тэр хавийг үл хайхарч орхисон гэж хэлэхэд ч багадах аж. Зүгээр л бүх зүйл нурж унаж байсан гэдгийг Нильсен хэлсэн юм.

Ингээд идэвхтнүүдийн шахалт болон Европын орнуудын тусламжтайгаар Орос улс 2000-аад оны эхээр томоохон хэмжээний нөхөн сэргээлтийн төслийг эхлүүлсэн. Гэвч хаягдлыг бодитоор зөөвөрлөх илүү нарийн төвөгтэй бөгөөд чухал ажил арай хожуу буюу 2017 онд л дөнгөж эхэлсэн юм. Өдгөө тэндэхийн байгууламж болон дэд бүтэц нь 1990-ээд оныхоос хамаагүй дээрджээ.

Харамсалтай нь Украины дайн эхэлсний дараа Орос, Норвегийн харилцаа тасалдаж, цөмийн аюулгүй байдлын төслүүдийн санхүүжилт царцанги байдалд оржээ. “Беллона”-ийн Орос дахь салбарууд ч хаагдаж эхэлсэн. Цэвэрлэгээний төслийн хувьд энэ нь асар том асуудал, аюул байлаа.

Өнгөрсөн хугацаанд цэвэрлэгээ ахицтай байсан ч ачир дэрээ технологийн хүчин зүйлээс шалтгаалаад хог хаягдлын хагасыг нь л устгаж амжсан байсан юм.

Сүүлийн үеийн мэдээлэл харвал, цэвэрлэгээний төслийн хугацаа 2028 оноос 2030-аад он болж хойшлогджээ. Төслийг хянаж буй Оросын цөмийн энергийн агентлаг “Росатом” маш цөөн мэдээлэл гаргаж байгаа нь ахиц дэвшлийг бүрэн үнэлэхэд саад болж байгаа юм. Арктикийн асуудлыг мөрдөн шалгах “Арктида” байгууллагын мэдээлснээр, гадаадын тусламж үгүй бол бүх санхүүжилт “Росатом”-ын төсвөөс л гарах ёстой ажээ. Гэвч байгаль орчны төслүүдэд зарцуулах учиртай засгийн газрын зардал бүх чиглэлд танагдаж байгаад гол асуудал оршино. Ялангуяа дайны үед экологийн асуудлыг Оросын нэн тэргүүний зорилт байна гэхэд хэцүү.

Шинжээчдийн үзэж буйгаар ОХУ энэ асуудлыг бие даан шийдвэрлэх бүрэн чадвартай юм. Гол асуудал нь тэдэнд тийм хүсэл зориг байгаа юу гэдэгт оршино. Кремль гол хүчин чармайлтаа зэвсэг үйлдвэрлэл, дайнд төвлөрүүлнэ гэвэл Колын хойг дахь инженерүүдэд хийж чадах зүйл тун бага.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн