Хавай мужид үерийн онц байдал үүслээ

Хүчтэй шуурганы дараа Хавай муж улс даяар үерийн сэрэмжлүүлэг зарлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байна. Мужийн засаг дарга Жош Грин мэдэгдэлдээ гэнэтийн үер Оаху арал болон Мауи тойргийн зарим хэсэгт аюул учруулж болзошгүйг анхааруулжээ. Хавайг сүүлийн арав гаруй хоногийн дотор хоёр удаа хүчтэй шуурга дайран өнгөрсөн нь үерийн гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлсэн байна. Муж улсын зарим бүсэд 127 см хүртэл хур тунадас орсон бөгөөд цаашид ч их хэмжээний бороо орох төлөвтэй байна.  Одоогоор хүний амь нас хохирсон тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ бэртэл, гэмтэл авсан тохиолдлууд бүртгэгдсэн байна. Хонолулу хотын дарга Рик Бланжиардигийн мэдээлснээр, 230 гаруй хүнийг авран хамгаалжээ.

Мөн эрх баригчид Оаху арал дээрх далан нурж болзошгүйг анхааруулсан байна. Хонолулугийн хойд хэсэгт амьдардаг 5500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. Усны түвшин нэмэгдэж, айл өрх, автомашинууд усанд автсан бөгөөд олон зам хаагдсан байна. Онцгой байдлын алба иргэдийг өндөрлөг газар руу шилжих, үерт автсан бүсээс хол байхыг уриалж байна. Мөн Мауи, Молокай болон Хавай аралд үерийн сэрэмжлүүлэг үргэлжилж байна.

Шуурганы улмаас зам, нисэх буудал, сургууль, эмнэлэг болон орон сууцанд их хэмжээний хохирол учирсан бөгөөд нийт хохирол нэг тэрбум ам.доллароос давах төлөвтэй байна. Засаг дарга Жош Грин энэ нь сүүлийн 20 жилд тохиолдсон хамгийн том үер байж магадгүй гэж мэдэгдэж, иргэдийг аюулгүй байдлаа хангаж, хоргодох байранд очихыг зөвлөжээ. Энэхүү шуурга нь “Kona Low” нэртэй цаг уурын үзэгдэлтэй холбоотой бөгөөд халуун, чийглэг агаарыг татан, их хэмжээний бороо, хүчтэй салхи үүсгэдэг. Зарим бүсэд салхины хурд 160 км/цаг хүрчээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн