Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 21 //. Олон улсын ойн өдрийн хүрээнд “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний VII хурал өнөөдөр Улаанбаатар хотноо болж байна.
Нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Кристоф Форакс, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар үг хэлж, ойн салбарын бодлого, олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар хэлэхдээ, “Ой бол зөвхөн байгалийн баялаг биш, харин уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, усны нөөцийг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалах стратегийн чухал экосистем мөн. Иймд ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах бодлогыг шинжлэх ухаанд суурилан хэрэгжүүлэх нь бидний тэргүүлэх зорилт юм” хэмээн онцоллоо. Мөн Б.Батбаатар сайдын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь ойн нөөцийг нэмэгдүүлэх, доройтлыг бууруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг дурдлаа.
Мөн үеэр Монгол орны ойн нөөцийн төлөв байдал, бодлогын чиг хандлага, ойн эдийн засгийн боломж, үр ашиг, таримал ой, ойжуулалт, нөхөн сэргээлт, мод, модон материалын нийлүүлэлт, үйлдвэрлэл, ойн экосистемийн үйлчилгээний үнэ цэн, уур амьсгалын өөрчлөлт, ойн доройтол, биологийн олон янз байдал, ойн судалгаа, инновац, технологи зэрэг асуудлаар 16 илтгэл хэлэлцүүлж, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд санал зөвлөмжөө солилцож байна.
Хуралдааныг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид удирдан явуулж, хэлэлцүүлгийн үр дүнд ойн салбарын бодлого, менежментийг сайжруулах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санал, зөвлөмжүүдийг нэгтгэх юм. Энэхүү хурал нь ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, шинжлэх ухаанд суурилсан шийдлийг бодлого, практикт нэвтрүүлэх, улмаар Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


