АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын дүрс бүхий тусгай алтан зоосыг тус улсын засгийн газрын урлагийн комисс баталжээ. Энэ зоос нь 24 каратын алт бөгөөд долдугаар сарын 4-нд болох Америкийн 250 жилийн ойг тэмдэглэх зорилготой. Зоосон дээр Трамп ширээн дээр нударгаараа тулсан байдлаар дүрслэгдсэн байна.
АНУ-ын хууль ёсоор амьд байгаа ерөнхийлөгчийг мөнгөн тэмдэгт дээр дүрслэхийг хориглодог ч энэ зоосыг баталсан. Учир нь сангийн сайд Скотт Бессент тодорхой төрлийн алтан зоос үйлдвэрлэх тусгай эрхтэй байдаг. Улмаар Зоосны газар танилцуулга хийсний дараа Урлагийн комисс зоосны загварыг баталжээ. Эцсийн хэмжээ, загвар тодорхой болсны дараа Скотт Бессент зоосыг албан ёсоор үйлдвэрлэхийг үүрэг болгох төлөвтэй байна. Мөн нэгэн албан тушаалтан зоосыг аль болох том, найман см хүртэл диаметртэй хийхийг санал болгосон байна. Энгийн 25 центийн зоос 2.54 см хүрэхгүй өргөнтэй байдаг аж.

Өнгөрсөн жил Трамп Урлагийн комиссын гишүүдийг халж, өөрийн талын хүмүүсээр сольсон юм. Улмаар Нью-Йоркоос сонгогдсон Ардчилсан намын гишүүн Ритчи Торрес ерөнхийлөгч өөрийнхөө дүрсийг мөнгөн дээр гаргахыг хориглох хууль санаачилсан ч батлагдаагүй юм. Өмнө нь амьд ахуйдаа зоосон дээр дүрээ үлдээсэн цорын ганц ерөнхийлөгч бол Калвин Кулидж байжээ.