Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын удирдлага дор хийгдэж буй томоохон хэмжээний шинэчлэлүүд нь Казахстаны аливаа сорилтыг даван туулах чадварыг баталгаажуулна гэж тус улсын ерөнхий сайд Олжас Бектенов засгийн газрын хуралдаан дээр мэдэгдэв. Тодруулбал, тус улс үндсэн хуульдаа шинэчлэлт хийхээр төлөвлөж байна. Засгийн газрын хуралдаанаар үндсэн хуулийн шинэ төслийг хэрхэн хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцжээ. Бектенов бүх нийтийн санал асуулгаар шинэ төслийг баталсан нь улсын түүхэн дэх хамгийн чухал үйл явдал болсон гэж хэлсэн байна. Түүнчлэн ард түмний дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй эдгээр өөрчлөлт нь Казахстаныг илүү тогтвортой, хүчирхэг болгоно гэж онцолсон. Үндсэн хуулийн шинэчлэл нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих зорилготой гэж тус улсын эрх баригчид мэдэгдэж байгаа юм.
Шинэчлэлт хэрэгжиж эхэлснээр эв нэгдэл, шударга ёс, хууль дээдлэх зэрэг үнэт зүйлсийг тусгасан. Мөн иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалж, улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломжийг бүрдүүлэх аж. Үүнээс гадна боловсрол, шинжлэх ухаан, соёл, дижитал хөгжил, байгаль орчны аюулгүй байдлыг дэмжинэ. Ерөнхийлөгч Токаев шинэ Үндсэн хуульд гарын үсэг зурж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэнэ гэж зарласан. Мөн Засгийн газар 20 гаруй хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Казахстаны шадар сайд бөгөөд Соёл, мэдээллийн сайд Аида Балаевагийн хэлснээр эдгээр өөрчлөлт нь соёл, хэвлэл мэдээлэл, шашин, залуучууд, гэр бүлийн бодлогын салбарт хамаарах юм. Мөн үндэсний соёлыг дэмжиж, гэр бүлийн институтийг бэхжүүлэхэд чиглэнэ. Бектенов дахин онцлохдоо, Үндсэн хуулийг баталсан нь Казахстаны ирээдүйд чухал алхам болсон гэжээ.