О.Эрдэнэцогт MVP улирлаа аварч чадах уу?

Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн плей-оффын эхний шатны тоглолтууд бараг л дуусч байна. Одоогоор ганц цуврал дуусаагүй байгаа нь BCH Knights болон Хаан Шонхорууд багуудын учраа. Цувралыг 3-2 гэсэн харьцаатай Хаан Шонхорууд тэргүүлж буй.

Цувралын зургаа дахь тоглолт маргааш/2026.03.15/ 16:10 цагаас эхэлнэ.

Цувралын тэргүүллийг авах тун чухал өнгөрсөн тав дахь тоглолтод BCH Knights баг хангалтгүй тоглож, өрсөлдөгчөө үнэхээр дийлсэнгүй. Шинэ ивээн тэтгэгч, дүр төрхтэй болсон Шонхорууд тэднийг нуман тулгуурт оруулав.

Энэ улирлын “Шилдэг зургаа дахь тоглогч” А.Батхуяг BCH Knights багаас Хаан Шонхорууд багт зээлээр тоглож байгаа бөгөөд үндсэн гэрээтэй багаа үнэхээр л “шийтгэж” байна. Түүнд “BCH Knights” баг боломж олгоогүй, сүүлийн улирлуудад дандаа зээлээр явуулж байсан. Гэтэл одоо А.Батхуягийг зогсоож дийлэхгүй явна. Цувралын сүүлийн тоглолтод л гэхэд тэрбээр 19 оноо, зургаан ашигтай дамжуулалт, зургаан самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлт толилуулав.

Нөгөө талд хүссэн, хүлээсэн шагналаа гардсан О.Эрдэнэцогтын “MVP” улирал дэндүү эрт дуусахад ойртлоо. Шонхоруудыг цувралын тэргүүллийг авна гэж олон хүн бодоогүй. Гэтэл гэнэтийн бэлэг барьж чадав. Угтаа BCH Knights-ийн цаасан дээрх бүрэлдэхүүнийг харахад хүчирхэг боловч дасгалжуулагч нь бүрэн, дүүрэн ашиглаж чадахгүй байна гэлтэй.

Улирлын өмнө багтаа авчирсан өнгөрсөн оны “Шилдэг залуу тоглогч” М.Чинхутаг, “TLG” багийн онооны гол найруулагч Б.Ган-Эрдэнэ, Эйпсийн шилдэг тамирчдын нэг байсан Н.Ганбаатар гээд ашиглахгүй байгаа хожлын түлхүүрүүд олон бий.

Ямартай ч BCH Knights-ийг маргаашийн тоглолтод хожиж, цувралын харьцааг тэнцүүлнэ гэж итгэж буй хүн олон. Хэрэв Шонхорууд хожвол цуврал өндөрлөж, О.Эрдэнэцогтын гайхалтай улирал нэгдүгээр шатнаас түүх болж үлдэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн