Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтггүй тусламжийн хүрээнд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр, Атал Бихари Вижпайн нэрэмжит “Мэдээллийн технологи, харилцаа, аутсорсингийн төв”, Энэтхэг-Монголын хамтарсан ерөнхий боловсролын сургууль барих төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийн талаар санал солилцсон.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байна гээд хоёр улсын найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөжиж, хамтын ажиллагаа эрчимжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Их Хурал 2021 онд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих хуулийг баталсан төдийгүй 2025 онд баталсан Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тус үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөснийг дурдлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа болон  гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалан Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн 2027 оны хагаст ашиглалтад оруулах зорилтыг тавьж, Улсын Их Хурал, Засгийн газар, салбарын яам нэгдмэл байр суурьтай ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. 

Тэрбээр УИХ-ын намрын ээлжит чуулганаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг хэлэлцэж, дэмжсэн тул УИХ-ын даргын 74 дүгээр захирамжаар Ажлын хэсгийг байгуулан ажиллаж буйг дуулгалаа. Улмаар УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэн, шийдвэрлэхээр төлөвлөж буйг дурдаад Төсвийн байнгын хороо уг асуудалд анхаарал тавин ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Атул Малхари Готсурве Төсвийн байнгын хорооны дарга болон гишүүд хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд хоёр улс стратегийн түншүүд төдийгүй өнө эртний буддын шашнаар холбогдсон оюун санааны ахан дүүс гэдгийг онцлов. Мөн хоёр улсын харилцаанд парламентын хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглээд БНЭУ-ын зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд баригдаж буй төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн явц, шийдвэрлэх шаардлагатай цаг тулсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Ялангуяа Газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулахад энэтхэгийн талаас анхаарал тавин чармайн ажиллаж буйг тэмдэглээд энэхүү бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд хууль эрх орчныг сайжруулах, төслийн ажлын эрчимжилтийг ахиулах асуудалд холбогдох байгууллагуудад чиглэл өгч, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн