Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 9 //. Азийн хөгжлийн банкны 3.9 сая ам.долларын санхүүжилтээр Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барьж өнөөдөр ашиглалтад орууллаа.

Өргөтгөлийн барилга нь зөвхөн шинэ орон зай бус тусламж үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргах, эмч, ажилтнуудын ажлын орчныг сайжруулах, иргэдийн итгэл хүлээсэн аймгийн нэгдсэн эмнэлгийн жишиг загварыг бий болгож байгаагаараа онцлог юм.

ЭМЯ-ны мэдээлснээр, нийт 3.2 сая ам.долларын өртөг бүхий 400 гаруй нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр эмнэлгийн шинэ байрыг иж бүрэн тоноглон тохижуулж эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэдээ үзүүлж эхэлсэн байна. Тухайлбал, Siemens брэндийн 128 зүслэгтэй компьютер томографийн аппарат, яаралтай тусламж, мэс засал, эрчимт эмчилгээ, дуран оношилгоо, гемодиализийн иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Ингэснээр өмнө нь зөвхөн Улаанбаатар хотын эмнэлэгт хийдэг байсан нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг иргэд Увс аймагтаа хийлгэх боломж бүрдэж байгаа юм.

Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр орон нутгийн хөгжлийн сангаас 2.4 тэрбум төгрөгөөр өргөтгөлийн барилгын дулаан, цэвэр бохир ус, цахилгаан шугам сүлжээ болон цахилгааны дэд өртөөг шийдэж өгч хүн ардынхаа эрүүл мэндэд үнэтэй хөрөнгө оруулалт хийж ажиллажээ.

Эмнэлгийн гадна орчны аюулгүй байдлыг сайжруулах үүднээс 66 ширхэг хяналтын камер шинээр суурилуулж, хяналтын өрөөг байгуулж, авто зогсоолыг 150 м.кв талбайгаар өргөтгөжээ. Үүний зэрэгцээ зарлан мэдээллэх системийг нэвтрүүлсэн нь эмнэлгийн дотоод аюулгүй байдлыг бүрэн хангах шинэ жишиг болов. Цахим аюулгүй байдлыг хангах хүрээнд гадны цахим халдлагаас эмнэлгийн дотоод сүлжээг хамгаалах “fire wall” төхөөрөмж суурилуулсан. Орон нутгийн хөгжлийн сангаас 48 сая төгрөгөөр хүчин чадал сайтай өндөр хурдны сервер шинэчлэн суурилуулсан байна. 

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө 2024-2026 онд хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн төслийг орон нутагтаа татаж санаачилсан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, хариуцлагатай ажиллаж төслийн үр дүнгээ харсан орон нутгийн удирдлага, Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийт хамт олон, хамгийн гол нь монгол хүний эрүүл мэнд, монгол айлын элэг бүтэн амьдралд үр өгөөж, үр нөлөөгөө хэдэн арван жилээрээ тасралгүй өгөх ажлыг санхүүжүүлэн ажилласан Азийн хөгжлийн банкны хамт олонд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн баяр хүргэж талархал илэрхийлэв.

Энэхүү бүтээн байгуулалтын загвараар дөрвөн аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтөн байгуулж, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалт жишиг болохыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцолсон байна. 

Орон нутгийн анхан шатны, үүдэн эмнэлгүүдийн чадавхийг бэхжүүлж, үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилготой Азийн хөгжлийн банкны төсөл ирэх гурван жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд хэрэгжих аж.

Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн