Монгол Улсын аялал жуулчлалыг тодорхойлох “Tourism Week-2026” үндэсний чуулган эхэллээ

, 2026 оны гуравдугаар сарын 9Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран зохион байгуулж буй “Tourism Week-2026” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ.

Монгол Улсын аялал жуулчлалыг тодорхойлох “Tourism Week-2026” үндэсний чуулган эхэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар нээлтийн үеэр хэлэхдээ, “2025 оны эцсийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өссөн нь бодит үзүүлэлт юм. Эдийн засаг ийнхүү өсөхөд аялал жуулчлалын салбарынхны үүрэг оролцоо их байлаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд манай улс анх удаа 847,170 жуулчин хүлээн авсан нь өмнөх онтой харьцуулахад 16 хувийн өсөлт боллоо. Мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 28-ны хооронд 44,767 жуулчин хүлээн авсан нь өвлийн улиралд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болов. Эдгээр үзүүлэлт нь Монголын аялал жуулчлалын салбар зөвхөн зуны улирлаар хязгаарлагдахгүй, дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжих боломжийг харуулж байна” хэмээн тэмдэглэв.

Түүнчлэн тэрбээр 2026 он Монгол Улсын хувьд дэлхийд өөрсдийгөө таниулах онцгой жил байх болно. Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.  Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр дэлхийн хамгийн том eSports-ийн тэмцээнүүдийн нэг болох Counter-Strike тоглоомын дэлхийн аварга шалгаруулах “Чингис хаан цом” тэмцээнийг энэ оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсныг тус үеэр зарласан юм.

Мөн, Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын нэгээр нэрлэгдэж, олон улсын байгууллагуудын тайланд дурдагдсан. Үүний зэрэгцээ CNN агентлагаас гаргасан “2026 онд аялах шилдэг газруудын жагсаалт”-д ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн. Монгол Улс Дэлхийн энх тайвны индексээр Азийн хамгийн тайван, аюулгүй таван улсын нэгээр шалгарсан нь манай аялал жуулчлалын салбарын давуу тал болж буйг Ерөнхий сайд тодотголоо.

Монгол Улсын аялал жуулчлалыг тодорхойлох “Tourism Week-2026” үндэсний чуулган эхэллээ

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга энэ үеэр өгсөн яриандаа, “Монголын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд өсөлттэй яваа. Ялангуяа, цар тахлын дараах жилүүдэд 10 болон түүнээс дээш хувийн өсөлттэй байна. Энэ нь Засгийн газраас аялал жуулчлалын салбары онцгой анхаарсны илрэл юм. Засгийн газрын бодлогын дэмжлэг, хувийн хэвшлийнхний идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд өнөөдөр Монгол Улсыг дэлхийн аялал жуулчлалын салбарт сурталчилсан хамтын ажиллагааны бодит жишээ болж байна. Сүүлийн жилүүдэд жуулчдын тоог 1 саяд хүргэнэ гэж ярьж байгаа. Дэлхийн зах зээлд Монгол руу ирэхийг зорьж буй олон сая жуулчин бий. Гэхдээ тийм тооны жуулчин хүлээж авах бэлтгэл, тэр дундаа нисэхийн тээврийн боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэв.

Засгийн газраас аялал жуулчлалын салбарын бизнест зориулсан 6 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, Монголын байгаль, соёлын өвийг олон улсад сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Мөн аялал жуулчлалын хөгжлийг бүсчилсэн бодлогоор дэмжиж, 12 аймгийн 17 байршлыг улсын аялал жуулчлалын бүс болгон анх удаа баталсан байна. Монголын байгаль, нүүдлийн соёл, өв уламжлалд суурилсан аялал жуулчлал олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болж байгааг оролцогчид тус үеэр онцлов.

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын ирээдүй, хөгжлийн шинэ боломжийг тодорхойлох “Tourism Week-2026” үндэсний чуулган долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. Тус чуулганд 1000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн аж.

Монгол Улсын аялал жуулчлалыг тодорхойлох “Tourism Week-2026” үндэсний чуулган эхэллээ

Монгол Улсын аялал жуулчлалыг тодорхойлох “Tourism Week-2026” үндэсний чуулган эхэллээ

Монгол Улсын аялал жуулчлалыг тодорхойлох “Tourism Week-2026” үндэсний чуулган эхэллээ

Монгол Улсын аялал жуулчлалыг тодорхойлох “Tourism Week-2026” үндэсний чуулган эхэллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн