Украины дайны улмаас цөмийн мөргөлдөөн үүсч болзошгүй эрсдэлийн талаар ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ, барууны удирдагчид Эпштейн шиг ухамсартай гэж буруутгажээ. Тэрбээр уг мэдэгдлийг Франц болон Их Британи улс Украиныг цөмийн зэвсгээр хангах тухай нууц хэлэлцээ хийж байгаа гэх Оросын Гадаад тагнуулын алба (SVR)-ны мэдээлэл гарсны дараа хийсэн байна. Гэхдээ энэ хэлэлцээ үнэн эсэхийг барууны албаныхан батлаагүй.
Тэрбээр долоо хоног бүрийн телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа “Барууны удирдагчид Украиныг цөмийн бөмбөгөөр хангах шийдвэрт хүрч, амьд үлдэх ухамсраа алдах уу” гэх асуултад хариулсан байна. Лавров хариуд нь “Миний ойлгож байгаагаар тэдний ухамсар ихэвчлэн Эпштейнийх шиг байна” гэж хэлжээ. Мөн Лавров барууны удирдагчдыг “Өөрсдийн улс орон, ард түмнээ хамгаалах ухамсар нь сүүлийн жилүүдэд илт доройтсон” гэж нэмж хэлсэн байна.
Оросын дайныг дэмжигчид сүүлийн үед АНУ болон Израилийг “Эпштейн эвсэл” гэж нэрлэх болжээ. Энэ нь Иранд хийсэн цохилтуудыг Эпштейний хэргээр дарах гэсэн оролдлогыг хэлж байгаа аж. Улмаар Лавров Эпштейний дуулиант хэргийг иш татаж, Украиныг цөмийн зэвсгээр хангах санааг “бүрэн утгагүй, галзуу” гэж тодорхойлсон байна.