Дэлхийн эдийн засгийг барьцаалах Ираны сонголт

АНУ, Израиль улсууд Иранд цохилт өгснөөс үүдэлтэйгээр Ойрхи Дорнодод тогтворгүй байдал үргэлжилсээр байна. Энэ хүрээнд Ормузын хоолойд гурван ч хөлөг онгоц цохилтод өртсөн нь дэлхийн газрын тосны үнийн өсөлтийг өдөөв. Их Британийн Далайн худалдааны үйл ажиллагааны төвийн мэдээлснээр хоёр хөлөг цохилтод өртсөн бөгөөд гурав дахь хөлөгтэй тун ойрхон үл мэдэгдэх сум унасан аж.

Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурцадсан тул Ормузын хоолойгоор хөлөг онгоцоо нэвтрүүлэхгүй байхыг Иран анхааруулжээ.

Ормузын хоолой нь Персийн булан ба Оманы буланг холбодог. Хойд талд нь Иран, өмнө талд нь Арабын нэгдсэн Эмират, Оманы харьяа Мусандам оршино. Тус хоолойгоор дэлхийн газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтийн 20 орчим хувь нь дамжин өнгөрдөг учир дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтой зам юм. Энэ нь өдөрт ойролцоогоор 20 сая баррель нефть гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, Ормузын хоолойг эрчим хүчний хамгийн чухал стратегийн боомт цэг.

Дэлхийн худалдаатай хамааралтай, тасалдалд өртөх эрсдэлтэй ийм стратегийн нарийн гарц хэд хэд бий. Тэдгээрийн аль нэгэнд саатал үүсэхэд л дэлхийн зах зээл, нийлүүлэлтийн сүлжээнд нөлөө нь шууд мэдрэгддэг.

Ормузын хоолойд олон улсын тээвэрлэлт бараг зогсонги байдалд орсон тул эрчим хүчний үнэ цаашид улам өсч болзошгүйг шинжээчид анхааруулж байна. Азийн худалдааны зах зээл Даваа гаригийн өглөө /2026.03.02/ нээгдэхэд дэлхийн газрын тосны үнэ 10 гаруй хувиар өссөн байсан ч эргээд буурчээ. Өглөөний 07:00 цагаас өмнө Брент маркын газрын тосны үнэ л гэхэд найман хувиас дээш өсч, баррель нь 78.72 ам.доллар болсон байсан. Харин АНУ-д арилжаалагддаг газрын тосны үнэ 7.6 хувиар өсч, 72.20 ам.доллар болсон байжээ.

Энэ байдлыг “MST Marquee” компанийн эрчим хүчний судалгааны хэлтсийн дарга Саул Кавонич тайлбарлахдаа “Зах зээл сандарсангүй. Дайтагч талууд нефтийн олборлолт, хоолой, терминал зэрэг стратегийн байгууламжийг шууд онилоогүй байна. Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр эргэн сэргэх эсэхийг ажиглах хэрэгтэй. Тээвэр саадгүй болвол газрын тосны үнэ буцаад тогтворжино” гэжээ.

Харин зарим шинжээчийн үзэж буйгаар мөргөлдөөн удаан үргэлжилбэл газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллараас давж магадгүй юм.

Газрын тос үйлдвэрлэгч орнуудын ОПЕК+ бүлэг үнийн өсөлтийг сааруулахын тулд үйлдвэрлэлээ өдөрт 206 мянган баррелиар нэмэгдүүлэхээр Ням гаригт харилцан тохиролцжээ. Гэвч энэ шийдвэр тус болно гэдэгт зарим шинжээч эргэлзэж байна.

Нийлүүлэлтийн доголдол дэлхий даяар шатахууны үнийг өсгөж болзошгүй гэж Их Британийн Автомашины холбооны ерөнхийлөгч Эдмунд Кинг анхааруулав. Тэрбээр “Ойрхи Дорнодын үймээн самуун, бөмбөгдөлт нь дэлхий даяар газрын тосны нийлүүлэлтийг тасалдуулах хүчин зүйл болох нь гарцаагүй. Энэ нь үнийн өсөлтөд хүргэх болно. Үнийн өсөлтийн хэмжээ, үргэлжлэх хугацаа нь мөргөлдөөн хэр даамжрахаас шалтгаална” гэжээ.

Ормузын хоолойноос цааших нээлттэй булангийн усанд дор хаяж 150 танкер аюулгүй байдлын үүднээс зангуугаа хаяж зогсоод буй. Гэсэн ч Иран, Хятадын цөөн хэдэн хөлөг онгоц дайран өнгөрсөн гэж “Kpler” хөлөг онгоцны хяналтын платформ мэдээлжээ.

“Kpler”-ийн мэдээлснээр АНУ тээврийн маршрутуудыг хамгаалахыг хичээх магадлалтай. Хэрвээ энэ нь үр дүнтэй болвол газрын тосны үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Харин хоолой удаан хугацаанд хаалттай хэвээр байвал үнэ тэнгэрт тулж магадгүй аж.

Ормузын хоолой ердөө 3.2 км орчим өргөнтэй боловч энэ замыг бодитоор, бүрэн хаах боломжгүй. Ираны авч болох хамгийн шийдэмгий алхам нь тээврийн замд мина тавих явдал. Гэвч бүс нутагт АНУ-ын тэнгисийн цэргийн хүч их хэмжээгээр байрлаж байгаа тул Иранд үүнийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Яг үнэндээ бодит хаалт бус тээвэрлэгчдийн эрсдэлийн үнэлгээ, мэдрэмж л тээвэрлэлтийг зогсоох юм.

Ормузын хоолойгоор тээвэрлэдэг газрын тос, байгалийн хийн гол зорилтот чиглэл нь Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос байдаг. Эдгээр орны хувьд стратегийн нөөц хуримтлуулах замаар түр зуурын саатлыг даван туулах боломжтой. Үүний зэрэгцээ Саудын Араб олон Арабын нэгдсэн Эмират улсад газрын тос, байгалийн хийг Ормузаас тойруулан тээвэрлэх зарим хоолой бий. Эдгээр хоолойн нөөц бололцоог өдөрт ойролцоогоор 2.6 сая баррель гэж тооцоолж байна.

Нэмж дурдахад, Ормузын хоолойгоор зөвхөн газрын тос, байгалийн хий тээвэрлэдэггүй. Дэлхийн бордооны худалдааны гуравны нэг нь энэ замаар дамжин өнгөрдөг. Тэгэхээр Украины дайнаас болж хэдийнэ тогтворгүйтсэн хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээ цаашид илүү гүнзгий үр дагавартай тулгарч магадгүй.

Аливаа нийлүүлэлтийн сүлжээ гэдэг урьдчилан таамаглах боломжтой байдалд түшиглэдэг. Гэвч геополитик байнгын тогтворгүй байх нь дэлхий даяар олон салбарт үйл ажиллагааг хүндрүүлж байна. Саатал хэдий чинээ удаан үргэлжлэнэ, эдийн засгийн хохирол төдий чинээ гүнзгий бөгөөд бүтцийн шинж чанартай байх болно.

Эцэст нь, Ормузын хоолойн нөхцөл байдал одоогийнхоос ч дордож, гамшигийн хэмжээнд хүрэх магадлал бий. Хэрвээ аль нэг танкер тэнд живбэл байгаль орчинд маш ноцтой үр дагавар үүсэхийн зэрэгцээ тээврийн хөдөлгөөн илүү удаан хугацаанд саатах магадлалтай.

Дэлхий даяар эсэргүүцэл өрнөх учир Ормузын хоолойг хаах боломжгүй гэж Иран өмнө нь үздэг байлаа. Ийм байдал үүсвэл Иран өөрөө ч хохирох байсантай энэ нь холбоотой. Гэвч одоо нөхцөл байдал 180 хэм өөрчлөгдчихөөд байна. АНУ, Израиль улсууд Ираны дэглэмийг түлхэн унагахыг хүсч байгаа тул Тегеран дэлхийн эдийн засгийг барьцаалж байж өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалах сонголт хийж магадгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC, THE CONVERSATION

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн