Америкийн Greenland Energy Company компани ирэх онд Гренландын зүүн нутагт анхны өрөмдлөгийн цооногоо байгуулах зөвшөөрөл авах гэж байна. Тус компани Их Британийн 80 Mile компанитай хамтран Гренландын нефтийн томоохон ордыг ашиглаж байгаа ажээ. Энэ талаар гадаадын хэвлэлүүд аравдугаар сарын 29-нд мэдээлжээ.

13 тэрбум баррель хүртэл нөөц байж болзошгүй

Greenland Energy Company компанийн Роберт Прайсын ярьснаар, инженерийн тайланд дурдсанаар өрөмдлөг хийхээр төлөвлөсөн газарт 13 тэрбум баррель хүртэл хэмжээний газрын тос байх магадлалтай ажээ.

Гренландын Бизнес, эрдэс баялгийн яамны мэдээллээр, 80 Mile компанид харьяалагддаг White Flame Energy компани 2015 онд Гренландын хойд нутгийн Жеймсоны газарт (Jameson Land) өрөмдлөг хийх 2 зөвшөөрөл, 2018 онд 3 дахь зөвшөөрлөө авчээ.

Гренландын засгийн газрын байр суурь

Гренландын засгийн газар газрын тосны олборлолт байгаль орчинд нөлөөлөх вий гэсэн болгоомжлолын улмаас нефть, хий олборлох зөвшөөрөл олгохоо 2021 онд зогсоосон. Гэхдээ 2021 оноос өмнө олгосон зөвшөөрлүүд хүчинтэй хэвээр байна.

Засгийн газар мэдэгдэхдээ, Jameson Land төслийн хүрээнд хайгуул хийгдэж байгаа ч нийгэм, экологийн нөлөөллийн үнэлгээг батлахаас өмнө хайгуулын өрөмдлөг эхлэх ёсгүй гэжээ.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Гренландад нефть, хийн өргөн хэмжээний хайгуул хийхэд бэлтгэж байгааг дурдаж байсан юм. Есдүгээр сард АНУ, Дани, Гренланд Арктикийн аюулгүй байдлын гэрээ байгуулсан билээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх