ВАРШАВ, 2026 оны аравдугаар сарын 31 /Reuters/. Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцкий баасан гарагт Сенегал руу айлчлахаар явж байсан замаасаа эх орондоо буцжээ. Энэ нь Үндсэн хуулийн шүүхийн дарга буюу түүний хэт барууны үзэлтэй улс төрийн холбоотныг албан тушаалаас нь чөлөөлсний дараа болсон юм. Энэ үйл явдал Төв Европын энэ улсад Ерөнхий сайд Дональд Тускийн засгийн газар, Ерөнхийлөгч хоёрын хооронд шүүх засаглалын эрх мэдлийн төлөө өрнөж буй тэмцлийг улам хурцатгалаа.

Шүүхийн удирдлага солигдож, эсэргүүцлийн жагсаал болов

Үндсэн хуулийн шүүхэд хамгийн олон жил ажиллаж буй шүүгч Анна Корвин-Пиотровска баасан гарагийн өглөө шүүхийн дарга Богдан Свенчковскийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдэгджээ. Ингэснээр шүүхийн удирдлага Анна Корвин-Пиотровскад шилжсэн байна. Б.Свенчковский бол Тускийн өмнөх Засгийн газрын үед томилогдсон, хэт барууны үзэл баримтлалтай хүн юм.

Баасан гарагийн орой Үндсэн хуулийн шүүхийн байрны гадна олон зуун хүн цугларч эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд цагдаа хүчээ нэмэгдүүлэн байрлуулжээ. Жагсагчдад хандаж үг хэлсэн барууны үзэлтэй улстөрчид Д.Тускийн Засгийн газрыг Үндсэн хуулийн шүүхийн эсрэг төрийн эргэлт хийхийг оролдож байна хэмээн буруутгав.

“Ийм үед Ерөнхийлөгч эх орондоо байх ёстой. Би Сенегалд хийх айлчлалаа зогсоож, Польш руу буцаж байна” гэж К.Навроцкий X нийгмийн сүлжээнд бичжээ.

Маргааны эх үүсвэр 2015 онд тавигдсан

Олон жил үргэлжилж буй улс төрийн энэ маргаанаас болж Польшийн Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаа үндсэндээ саатаад байна. Европын талыг баримтлагч Засгийн газар, үндсэрхэг үзэлтэй Ерөнхийлөгч хоёр нөгөө талынхаа санал болгосон шүүгчдийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа аж.

Маргаан 2015 оноос эхтэй. Тухайн үед үндсэрхэг үзэлт “Хууль ба шударга ёс” нам өмнөх Засгийн газрын үед шүүгчдийг нь аль хэдийн томилсон орон тоонд өөрийн хүмүүсийг томилохыг оролдож байжээ. Улмаар тус намаас нэр дэвшүүлсэн шүүгчид Үндсэн хуулийн шүүхэд олонх болсон бөгөөд Польшийн дотоодод төдийгүй гадаадад ихээхэн шүүмжлэлд өртөж, Үндсэн хуулийн шүүхийг хуулиар тогтоосон хараат бус, шударга шүүхийн шаардлагыг хангахаа больсон гэж үзэх болжээ.

Д.Тускийн тэргүүлсэн эвслийн Засгийн газар 2023 оноос эрх барьж эхэлснийхээ дараа хууль дээдлэх зарчмыг сэргээж, Үндсэн хуулийн шүүхэд шинэчлэл хийхээ амласан юм. Гэвч “Хууль ба шударга ёс” намын холбоотон К.Навроцкий 2025 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэхэд саад учруулсаар иржээ.

Энэ оны эхээр К.Навроцкий парламентаас нэр дэвшүүлсэн зургаан шүүгчийн гурвыг нь тангараг өргүүлэхээс татгалзсан байна. Харин “Хууль ба шударга ёс” намын Засгийн газрын үед Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан Б.Свенчковский одоогийн парламентын олонхын сонгосон шүүгчдийг албан тушаалд нь томилохоос татгалзжээ.

Өнгөрсөн сард парламент Д.Тускийн хамтран зүтгэгч Мачей Берекийг Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр томилсон. Гэвч энэ шийдвэр эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрийг сэргээх тухай Засгийн газрын өөрийнх нь дэвшүүлсэн зорилготой харшилж байна гэж шүүмжлэгчид үзжээ.

Ерөнхий сайд Д.Туск X нийгмийн сүлжээнд бичихдээ, түүний Засгийн газар хууль дээдлэх зарчмыг сэргээхийг зорьж байгааг онцолжээ. Өмнө нь Европын Холбооноос түүний өмнө засгийн эрхийг барьж байсан “Хууль ба шударга ёс” намыг уг зарчмыг алдагдуулсан хэмээн буруутгаж байв. “Энэхүү үйл явц амаргүй, зарим үед бүр ч хүнд хэцүү байх бөгөөд шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай. Үүнээс өөр арга зам байхгүй” гэж Д.Туск мэдэгджээ.

Польшийн улс төрийн хүрээнд өрнөж буй хууль эрх зүйн маргааны талаар бид өмнө нь Хууль зүйн сайд асан З.Зёброд олгосон улс төрийн орогнолыг Унгар улс цуцалсан тухай мэдээлсэн.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх