ХОНКОНГ, 2026 оны аравдугаар сарын 29 /Reuters/. Өнгөрсөн оны 11 дүгээр сард 168 хүний амийг авч одсон гал түймэр гарсанд Хонконгийн засаг захиргааны тэргүүн Жон Ли өнөөдөр уучлалт хүсэж, барилгын салбар, хяналт зохицуулалтын тогтолцоонд өргөн хүрээтэй шинэчлэл хийхээ амлажээ.
Хонконгийн барилгын засвар, шинэчлэлийн ажлын зохицуулалт, хяналтын тогтолцоонд гарсан зөрчил, дутагдлыг тусгасан дэлгэрэнгүй тайланг танилцуулахын өмнөхөн тэрбээр ийнхүү мэдэгджээ. Уг тайланг шүүгчээр ахлуулсан комисс гаргасан байна.
Жон Ли мөн Хонконгийн Орон сууцны барилгын асуудал эрхэлсэн сайд Винни Хо албан тушаалаасаа огцорсныг мэдэгдэж, гал түймэр гарсанд төрийн дөрвөн байгууллага тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстойг онцолжээ.
Винни Хо нь уг гал түймэртэй холбогдуулан албан тушаалаасаа огцорсон анхны албан тушаалтан болж байна. Хонконгийн засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт комиссын тайланг хүлээн авсан бөгөөд үүний дагуу хариуцлага хүлээлгэх шаардлагатай хувь хүн, албан тушаалтан байгаа эсэхийг тогтоож, сахилгын арга хэмжээ болон шинэчлэлийн төлөвлөгөөгөө танилцуулах төлөвтэй байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Хонконгийн хойд хэсгийн Тай По дүүрэгт засварын ажил хийгдэж байсан Ван Фук Корт орон сууцны цогцолборын 31 давхар бүхий долоон барилгыг хамарсан гал гарсан билээ. Уг эмгэнэлт явдал 1948 оноос хойш Хонконгт гарсан хамгийн олон хүний аминд хүрсэн гал түймэр болжээ. Галын улмаас олон мянган оршин суугч орон гэргүй болсон байна.
