Жимми Лай давж заалдах шатны шүүхэд ялалт байгуулав

Хонгконгийн ардчиллыг дэмжигч, хэвлэл мэдээллийн салбарын бизнесмен Жимми Лай 2022 онд залилангийн хэрэгт буруутгагдаж байжээ. Улмаар зургаан жил хоригдох ял авсан тул Лай давж заалдах шатны шүүхэд хандсанаар ялалт байгуулжээ. Хонгконгийн Давж заалдах шатны шүүх Пүрэв гаригт (2026.02.26) Лай болон өөр нэг шүүгдэгчийг оффисын талбайг хууль бусаар түрээслүүлсэн гэх хэргээс цагаатгасан байна. Гэсэн хэдий ч Лай шоронд хэвээр үлдэнэ. Энэ сарын эхээр 78 настай түүнийг  гадаадын хүчнүүдтэй хуйвалдсан хэргээр Хонгконгийн үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу 20 жилийн хорих ял оноосон юм. Тэр 2020 оноос хойш цагдан хоригдож байна.

Их Британийн иргэн Лай нь Бээжингийн бодлогыг хатуу шүүмжлэгч бөгөөд Хонгконгийн ардчиллын хөдөлгөөний томоохон төлөөлөгч юм.

Түүний охин Клэйр Лай шүүхийн шийдвэрийг эрх баригчдын олон нийтэд зориулсан “нэр хүндээ хамгаалах алхам” төдий зүйл гэж хэлээд, аав нь шударга бусаар хоригдсон хэвээр байгааг онцолсон. Түүний олон улсын хуульч Каолфьонн Галлахер мөн энэ шийдвэр “юуг ч өөрчлөхгүй” гэж мэдэгдэж, Лайн биеийн байдал муудаж байгаа нь шоронд амь насаа алдах эрсдэлтэйг анхааруулсан.

Лай 1995 онд Бээжинг шүүмжилдэг, ардчиллыг дэмжигчдийн дунд маш алдартай болсон “Apple Daily” сониныг үүсгэн байгуулсан. Гэвч 2021 онд Лай болон тус сонины удирдах ажилтнууд баривчлагдсаны дараа сонин хаагдсан. Залилангийн хэрэг нь уг сонинтой холбоотой байв. Прокурорууд сонины газрын түрээсэлсэн оффисын талбайд Лай өөрийн хувийн зөвлөх компанийн үйл ажиллагааг явуулснаар гэрээний нөхцөлийг зөрчсөн гэж буруутгасан. Түүний компанийн хуучин гүйцэтгэх захирал Вонг Вай-кёнг мөн энэ хэрэгт 21 сарын хорих ял авсан.

Лайг баривчилж, шүүхэд шилжүүлсэн нь Хонгконг дахь иргэний эрх, эрх чөлөө хумигдаж байгаагийн илрэл гэж шүүмжлэгчид үздэг.

Ялангуяа үндэсний аюулгүй байдлын хууль хэрэгжиж эхэлснээс хойш. Их Британи болон АНУ-ын засгийн газрууд энэ хуулийг Лай шиг идэвхтнүүдийн дуу хоолойг “намжаахад” ашиглаж байна гэж мэдэгдсэн. Харин Бээжин болон Хонгконгийн эрх баригчид уг хууль нь тогтвортой байдлыг хангахад шаардлагатай гэж мэдэгддэг. Мөн Хятадын хагас автономит бүс нутаг болох Хонгконгийн эрх чөлөөг сулруулаагүй гэж удаа дараа мэдэгдэж ирсэн.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн