АНУ, Ираны ээлжит шууд бус хэлэлцээ Пүрэв гаригт /2026.02.26/ Женевт болсон билээ. Тус хэлэлцээгээр мэдэгдэхүйц үр дүн гарсан гэж зуучлагч тал мэдээлж буй ч дайнаас зайлсхийхийн тулд аль нэг тал нь буулт хийхийг зөвшөөрсөн зүйл үгүй бололтой. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи хэлэхдээ “Дараагийн техникийн хэлэлцээ ирэх долоо хоногт Венад болно. Энэ удаагийн хэлэлцээ явц сайтай байлаа. Хамгийн нухацтай, хамгийн удаан яриа тэнд өрнөсөн” гэжээ.
Венад болох хэлэлцээнээс өмнө АНУ, Ираны дипломатчид тус тус засгийн газартайгаа зөвлөлдөх аж.
Хэлэлцээг Оманы Гадаад хэргийн сайд Бадр бин Хамад Аль Бусайди зуучилсан. Аль Бусайди Женев, Маскат хотуудад болсон өмнөх хэлэлцээнүүдэд ч зуучлагчаар ажилласан билээ.
Хэлэлцээнд АНУ, Ираны талуудаас гадна Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси оролцжээ. Израиль улс өнгөрсөн зургадугаар сард Иран руу дайрахад тэд Олон улсын атомын энергийн агентлагийг буруутгаж байв. Израилийн халдлагын яг өмнөх өдөр Олон улсын атомын энергийн агентлаг мэдэгдэл гаргахдаа “Иран улс цөмийн хамгаалалтын амлалтаа биелүүлэхгүй байна” гэсэн юм.
Женевийн хэлэлцээрийн өмнөх өдрүүдэд АНУ-ын албан тушаалтнууд Ираны баллистик пуужингийн хөтөлбөрт улам бүр анхаарлаа хандуулж, пуужингууд нь Ойрхи Дорнод болон Израиль дахь АНУ-ын цэргийн баазуудад заналхийлж байна гэж мэдэгдсэн билээ. Гэвч Иран энэ талаар ямар ч хэлэлцээр хийхээс татгалзсаар байна.