Балба улсад “Z” үеийнхэн засгийн газрын эсрэг жагсаал цуглаан өрнүүлж, тив дэлхийг донсолгосноос хойш хагас жил ч өнгөрөөгүй байна. Залуус ерөнхий сайд КП Шарма Олиг огцруулж, түүний орыг ерөнхий шүүгч асан бөгөөд авлигын эсрэг дуу хоолой гэгддэг Сушила Карки залгамжилсан билээ. Сушила Карки томилогдсоныхоо дараа зургаан сарын дотор шударга сонгууль явуулж, эрх мэдлийг шилжүүлэн өгнө гэж амласан.
Тэгвэл тус улсын шинэ засгийн газрыг сонгох сонгууль ирэх сарын 5-нд болох гэж байна. Балбын сонгуулийн талаар мэдвэл зохих бүхнийг энэхүү нийтлэлээр нэгтгэн хүргэж байна.
Санал хураалт хэрхэн явагдах вэ?
Балбын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд 19 сая орчим иргэн саналаа өгнө. Эндээс 800 мянга нь анх удаа санал өгч буй иргэд юм.
Тэд парламентын 275 гишүүнийг анхан шатны санал хураалт болон пропорциональ төлөөллийн холимог хэлбэрээр сонгоно. Нийт 3400 гаруй нэр дэвшигч байгаагаас 1000 гаруй нь 40-өөс доош насныхан байна.
Санал хураалт гуравдугаар сарын 5-ны өдөр орон нутгийн цагаар өглөө 07:00 цагт эхэлж, 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Гэхдээ оролцоог сайн хангах үүднээс зарим хэсэгт уртасгасан цагаар санал хураалт авч магадгүй. Өмнө нь зарим хэсэгт 21:00 цаг хүртэл санал хураалт үргэлжилж байсан удаатай.
Яагаад холимог тогтолцоотой вэ?
Балба улс 2015 оны Үндсэн хуулиараа холимог сонгуулийн тогтолцоо гэх системийг нэвтрүүлсэн. Эхний системийг “First Past The Post” (FPTP) гэдэг бөгөөд хамгийн олон санал авсан хүн тухайн суудлыг авна. Хоёр дахь системийг “Proportional Representation” (PR) буюу хувь тэнцүүлсэн төлөөллийн систем гэдэг бөгөөд улс төрийн намын авсан нийт саналын хувьд үндэслэж суудал хуваарилна.
Нийт 165 суудлыг “FPTP” системээр, үлдсэн 110 суудлыг “PR” системээр сонгоно.
Хоёр системийг зэрэг хэрэглэх болсон гол зорилго нь нийгмийн оролцоог хангаж, саналын хувьтай уялдсан төлөөллийг бий болгоход оршино. Энэ тогтолцоо нь нэг нам дангаараа үнэмлэхүй ялалт байгуулахад хүндрэлтэй болгодог тул сонгуульд тэргүүлсэн нам ихэнхдээ эвслийн засгийн газар байгуулах шаардлагатай болдог.
Голлох нэр дэвшигчид
Ард түмэн анхааралтай ажиж буй хэд хэдэн нам, улстөрч бий.
Тэдний нэг бол нийслэл Катмандугийн захирагч асан, 35 настай Балендра Шах. Бален гэх нэрээр танигдсан тэрбээр өмнө нь реп дуу дуулдаг байжээ. Тэрбээр 2022 оны бүх нийтийн сонгуулиар дөрөвдүгээр байранд орсон Растрияа Свантантра намаас нэр дэвшиж байна. Энэ удаад Растрияа Свантантра нам амжилттай илүү ахиулах магадлалтай байгааг шинжээчидх элж байна.
Хамгийн гол өрсөлдөөн өрнөнө гэж үзэж буй Жапа 5 тойрогт Балендра Шах өрсөлдөж буй. Жапа 5 нь ерөнхий сайд асан КП Олигийн дэмжигч олонтой газар юм.
Өөр нэгэн хүчтэй өрсөлдөгч бол Балбын конгресс намын удирдагч 49 настай Гаган Тапа.
Түүнчлэн ерөнхий сайд асан КП Шарма Олигийн нам голлох өрсөлдөгчид тооцогдож байна. Тус нам сүүлийн удаагийн сонгуулиар хамгийн олон суудал авсан.
Голлох мөрийн хөтөлбөрүүд
Ихэнх улс төрийн нам өөрсдийн мөрийн хөтөлбөртөө засаглалыг сайжруулах, авлигатай тэмцэх, ажил эрхлэлтийг бууруулах зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулжээ. Эдгээр асуудал нь өмнөх засгийн газрыг огцруулахад хүргэсэн иргэдийн бухимдлыг илэрхийлнэ гэж үзэж байна. Өнгөрсөн жилийн эсэргүүцлийн жагсаал нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хориглосноос үүдэлтэй гэх боловч ачир дээрээ авлига, ажилгүйдэл, эдийн засгийн зогсонги байдлын эсрэг уур хилэнтэй холбогдоно.
Үүний зэрэгцээ энэ сонгууль геополитикийн хувьд нэн ач холбогдолтой. Балбын улс төрд чухал үүрэг оролцоотой байсаар ирсэн Энэтхэг улс сонгуулийг анхааралтай ажиглаж байна. Ерөнхий сайд асан КП Шарма Олигийн үед хоёр улсын харилцаа сайнгүй байв. Оли Энэтхэгийн гол өрсөлдөгч Хятад улстай ойр дотно харилцаа тогтоохыг идэвхтэй эрмэлздэг байсантай энэ нь холбоотой.
Мэдээж Хятад улс Балбад нэр нөлөө ихтэй. Балбын шинэ засгийн газар Хятадын ашиг сонирхлыг дэмжинэ, тэр дундаа “Бүс ба зам” санаачлагыг дэмжинэ гэж Бээжингийн эрх баригчид үзэж байна.
Мөн стратегийн зорилтын хувьд Энэтхэгтэй ойр харилцаатай байдаг АНУ ч Балбын сонгуулийг анхааралтай ажиглаж байна.
Сонгуулийн дүн хэзээ гарах вэ?
Балбын Сонгуулийн Хороо улс орон даяар саналын хайрцгийг цуглуулснаас хойш 24 цагийн дотор “FPTP” системээр сонгогдсон 165 суудлын дүнг гаргана. Харин 110 суудалд хэн ялахыг тодорхойлдог пропорциональ төлөөллийн санал хураалтын дүнг тоолоход дахин хоёроос гурван өдөр шаардагдаж магадгүй гэж Сонгуулийн ерөнхий комиссар Рам Прасад Бхандари хэлжээ. Хэрвээ энэ үнэхээр үнэн бол өмнөх сонгуулиудаас эрс ялгаатай сонгууль болох нь.
2022 оны сонгуулийн дүнг зарлахад хоёр долоо хоногоос ч илүү урт хугацаа зарцуулж байсан гэдэг.
Зарим санал авах байр уулархаг нутагт байрладаг тул саналын хайрцаг цуглуулах нь амаргүй байдаг. Саналын хайрцаг цуглуулахын тулд нисдэг тэрэг хүртэл нисгэх шаардлага гарах нь бий.
Мөн улс төрийн намууд өөрсдийн төлөөлөгчдөө санал тоолох төвүүд рүү илгээдэг нь сонгуулийн дүн гарах хугацааг хойшлуулдаг. Учир нь зарим төлөөлөгч сонгуулийн үр дүн, санал хураалтын хүчин төгөлдөр байдалд эргэлзэж, маргаан үүсгэдэг ажээ.