БЭЭЖИН, 2026 оны аравдугаар сарын 28 /TASS/. БНХАУ-ын иргэдийг доромжилсон утгатай үг, үйлдэл нь тус улсын нийгмийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарах нь зүйн хэрэг гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Го Жякунь Францын хөлбөмбөгчин, Испанийн “Реал Мадрид” клубийн тоглогч Килиан Мбаппетэй холбоотой дэгдсэн шуугианы талаар тайлбар хийхдээ мэдэгджээ.
К.Мбаппе БНХАУ-ыг үндэслэгч Мао Зэдүнийг (1893–1976) тохуурхсан байж болзошгүй бичлэг цахим орчинд тархсаны дараа Хятадын компаниуд түүнтэй хамтын ажиллагаагаа зогсоож эхэлжээ. Үүнтэй холбогдуулан Го Жякунь хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ “Хятадын ард түмний сэтгэлийг шархлуулсан үг, үйлдэл нь нийгмийн бүх давхаргын эсэргүүцэлтэй тулгарах нь зүйн хэрэг” гэсэн байна.
Өмнө нь К.Мбаппе нэгэн ярилцлагадаа өөрийнх нь хамгийн дуртай мийм бол зураг засварлах программ ашиглан нүүр царайг нь Мао Зэдүний зураг дээр байрлуулсан дүрс гэж ярьсан байна. Үүний дараа Хятадын компаниуд К.Мбаппетэй байгуулсан сурталчилгааны гэрээгээ цуцалж эхэлжээ. Тухайлбал, эрч хүч сэргээгч ундаа үйлдвэрлэгч “Дүнпэн” компани болон сүү нийлүүлэгч томоохон компаниудын нэг болох “Мэнню” компани холбогдох мэдэгдэл гаргажээ. “Дүнпэн” компани үндэсний бахархал, ард түмний сэтгэлийг шархлуулсан аливаа үйлдлийг эрс эсэргүүцэж, ийм үйлдэлд огтхон ч хүлцэнгүй хандахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Харин К.Мбаппе Мао Зэдүний дүрсийг ашигласан миймтэй холбоотой тайлбараас нь үүдэн шуугиан дэгдсэний дараа Хятадын хөгжөөн дэмжигчдээс албан ёсоор уучлалт гуйсан байна.
