АНКАРА, 2026 оны аравдугаар сарын 28 /ANADOLU/. Ирэх 2027 оны эхээр Хойд тэнгисийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэх боломжийг бий болгохоор Оросын тал идэвхтэй ажиллаж байна.   

“Росатом” корпорацийн Арктикийн захиргааны дарга Владимир Панов “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө, сүүлийн жилүүдэд энэ тал дээр томоохон ахиц гарсныг дурдлаа. “Хойд тэнгисийн замаар дорно зүгт тогтмол тээвэрлэлт хийхэд бэлтгэх ажил төгсгөлийн шатандаа орлоо. “Звезда” хөлөг онгоцны үйлдвэрт Арктикийн ангиллын хөлөг онгоцуудыг барьж байгаа бөгөөд эхний хоёр хий тээвэрлэгч хөлөг онгоцыг захиалагчид хүлээлгэн өгсөн” гэж тэрбээр ярив.

Түүний хэлснээр, Оросын “Новатэк” компани Хойд тэнгисийн замаар багагүй хэмжээний шингэрүүлсэн хийг тээвэрлэж байгаа бол “Роснефть” компанийн “Восток-Ойл” төслийн хүрээнд 6 удаагийн тээвэрлэлт хийгээд байна. Мөн “Росатом”-ын төлөөлөгчийн мэдээлснээр тус компани Оросын атомын мөс зүсэгч хөлөг онгоцны флотыг өргөжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ. Тодруулбал, ирэх оны эхээр “Чукотка” гэдэг мөс зүсэгчийг ашиглалтад оруулснаар Оросын флот 9 атомын мөс зүсэгч хөлөг онгоцтой болох юм.

Оросын нэгэн томоохон компани бүтээгдэхүүнээ Ази руу тогтмол тээвэрлэж эхэлснээр Хойд тэнгисийн замыг бүтэн жилийн турш ашиглаж эхэлнэ гэдгийг Панов онцоллоо. Түүний ярьснаар, дараагийн алхам бол тээвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэх, ялангуяа өвөл-хаврын улиралд хөлөг онгоцнуудын цувааны хурдыг нэмэгдүүлэх явдал юм.

Үүний сацуу Оросын Онцгой байдлын яам Певек, Сабетта боомтуудад аврах төвүүдийг байгуулснаас гадна Диксон, Тикси боомтуудад ийм төвүүдийг барих ажил үргэлжилж байна. Мөн Тээврийн яам 14 эрэн хайх, аврах ажиллагааны хөлөг онгоцноос бүрдсэн флотыг байгуулсан ба дахин 10 хөлөг онгоц барьж байгаа ажээ.

Хойд тэнгисийн зам нь ТрансАрктикийн тээврийн коридорын нэг хэсэг бөгөөд уг коридорыг Оросын Арктикийн бүс ба Алс Дорнодыг хөгжүүлэх цогц төлөвлөгөөний хүрээнд байгуулж байна.

Өмнө нь мэдээлснээр, 8 дугаар сарын 22-нд чингэлэг тээвэрлэгч PanStar Acro хөлөг онгоц Өмнөд Солонгосын Бусан хотоос хөдөлж, Арктикаар дамжин Европт хүрсэн билээ. Энэхүү маршрут нь Суэцийн сувгаар дамжсанаас 7 мянган км-ээр дөт бөгөөд тээвэрлэлтийн хугацаа 10 хоногоор богиносож, 40-45 хоног болжээ. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх