Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар болгон өөрчилж буй хүүхдийн эмнэлгийн засварын явцыг газар дээр нь шалгалаа. Энэ нь хүүхдийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах зорилготой юм.

Барилга нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрладаг. Өмнө нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” нэртэй байсан бөгөөд 2008 оноос хойш менежментийн гэрээгээр ажиллуулж байв. Өнгөрөгч онд нийслэлийн Өмч хувьчлах комисс 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, барилгыг нийслэлийн өмчид эргүүлэн авсан.

Одоо хүүхдийн эмнэлэг болгон шинэчилж байна. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 135 ор байдаг. Томууны оргил үед орны тоог 400 хүртэл нэмдэг ч зарим хүүхдийг коридорт хэвтүүлэх тохиолдол гардаг. Эргүүлэн авсан эмнэлэг энэ асуудлыг шийдвэрлэхэд тусална.

Б.Пүрэвдагва дарга засварын ажлыг эрчимжүүлж, 11 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахыг албаныханд үүрэг болголоо. Хүлээн авах хэсгийн өргөтгөл, нэмэлт цахилгаан шат, зураг төслийн баталгаажуулалт болон гэрээний хэрэгжилтийг яаралтай шийдвэрлэхээр болжээ.

Эмнэлэг нээгдсэнээр хүн ам ихтэй Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлэх боломж бүрдэнэ. Баянгол дүүргийн 5, 7, 30 дугаар хорооны хүүхдэд мөн үйлчилнэ. Өмнө нь элэг судлалын төв байхад хяналтад байсан эмчлүүлэгчдийн үйлчилгээг үргэлжлүүлнэ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн