Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр өнөөдөр болсон УОК-ын гурав дахь хуралдааны шийдвэрийг олон нийтэд танилцууллаа. ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахал гарсан байж болзошгүй гэсэн мэдээллийн улмаас Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн шөнө Оросын хэрэглэгчийн эрх ашиг, эрүүл мэндийн албанаас албан ёсны хариу иржээ.

Шинжилгээний дүнгээр ковид-19-ийн хоёр, риновирусын хоёр тохиолдол илэрч, бусад аюултай халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй гэж сайд мэдэгдэв. Суурьшлын бүсэд орж ирсэн баавгайн талаар нийт 557 мэдээлэл ирснээс одоогоор 9 баавгайг устгасан байна.

Үүнтэй холбогдуулан Засгийн газар тогтоол гаргаж, тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гаргажээ. Амь насаа алдсан иргэний ар гэрт Засгийн газар, УОК-ын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлсэн.

Гаргасан шийдвэрийг далимдуулан зөвшөөрөгдөөгүй газар, өөр зорилгоор ан агнахыг Эрүүгийн хуулиар хариуцна гэж анхааруулж, орон нутгийн удирдлагуудад хяналтаа сайжруулах үүрэг өгсөн.

Малын өвчлөлтэй холбоотой асуудалд малчид хариуцлагатай хандах шаардлагатайг тэмдэглээд, малыг эрүүлжүүлэх ажлыг эхлүүлсэн. Малаа алдсан өрхүүдэд зах зээлийн ханшаар нөхөн олговор олгоно. Өвөлжилтийн бэлтгэлд хэд хэдэн аймгийн дулааны станцын асуудлыг шийдэж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн