Ерөнхий сайд Н.Учрал багш нарын өдөрт зориулсан «Багш нарын төлөө хамтдаа» ахмад багш нарын зөвлөгөөн дээр Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэж онцлов. Засгийн газар «Эрдэм боловсролтой монгол хүн» зорилт хэрэгжүүлж, 2026 оныг «Боловсролыг дэмжих жил» болгон зарласныг хэлсэн.
Тэрбээр боловсролын гол тулгуур нь багш гээд, Засгийн газар байгуулагдсан даруйдаа салбарын цалингийн зөрүүг арилгаж, 2026 оны тавдугаар сарын 1-нээс багш болон боловсролын байгууллагын ажилтнуудын цалинг 50 хувиар нэмсэн гэсэн. Ингэснээр 91 мянга гаруй багш, ажилтан цалингийн нэгдсэн сүлжээнд хамрагдаж, нэмэгдсэн цалингаасаа нийгмийн баталгаа, тэтгэврийн тооцоо хийлгэх нөхцөл бүрдсэн. УИХ-аар хэлэлцэж буй 2026 оны төсвийн тодотголд энэ нэмэгдлийн 674 тэрбум төгрөгийг бүрэн баталгаажуулахаар тусгаад байгааг тэмдэглэв.
Мөн тодотголоор арваннэгдүгээр сарын 1-нээс 434 мянган ахмад настанд 100–300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгохоор төлөвлөсөн. 2027 оны төсөвт багшийг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж болон орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдын дэмжлэгийн хөрөнгийг нэмэгдүүлэн тусгасан гэж танилцуулав.
Ирэх онд төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин дахин 10 хувиар нэмэгдэх бөгөөд боловсролын салбарын төсөв энэ оныхоос 55 хувиар өсөхөөр тооцсон. Хувьсах зардлын санхүүжилтийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт төсөв 7.4 их наяд төгрөгт хүрнэ. «Багшийн гурван тулгуурт бодлого» хэрэгжиж байгаа бөгөөд энэ оны эхний хагаст 64 мянга гаруй багш мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Багшийн мэргэжлээр суралцаж буй 2150 оюутанд 15.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон. 2027 онд салбарт 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Багш, салбараа дэмжих нь хүний хөгжлийн хамгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт гээд, Оюутолгойн ногдол ашгийн үр өгөөжийг боловсролд түлхүү зарцуулна гэсэн. Зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй сургууль, төрөлжсөн ахлах сургууль, 500 ортой дотуур байр, эрүүл, ухаалаг, ногоон 100 сургууль, Гүүглийн 100 мянган компьютер хүүхдүүдэд олгохоор төлөвлөсөн.
«Монголчууд ном эрдмээрээ, мэдлэг боловсролоороо оюунаа зэвсэглэн дэлхийн тавцанд өрсөлдөнө. Энэ их үйл хэрэгт Монголын багш нар гол үүрэг гүйцэтгэнэ» гээд, багшийн хөдөлмөрийг төр засаг үргэлж дэмжинэ гэж Ерөнхий сайд хэлсэн.
Төсвийн бодлогын талаар Н.Учрал 2027 оны төсвийн үр дүн өрхөд мэдрэгдэх ёстой гэж байсан. Сургууль, цэцэрлэгт 281,895 хүүхдийн эрт илрүүлэг аравдугаар сарын 1-нээс эхэлсэн.
