УИХ-ын чуулганы 2026 оны аравдугаар сарын 5-ны хуралдаан Төсвийн байнгын хороо хуралдаж дуустал завсарлаад, үргэлжлэн хуралдлаа.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулсан тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хорооны дарга Н.Наранбаатар уншиж танилцууллаа.
Байнгын хороо энэ сарын 2-ны хуралдаанаараа 2026 оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Чуулган хуулийн төслүүдийг хэлэлцэх үед зарим зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзэн буцаасан. Өнөөдрийн хуралдаанаар байнгын хороо буцаасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулжээ.
Чуулганы хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмж, Боловсролын зээлийн сангаас олгох 3500 гаруй оюутны сургалтын төлбөртэй холбоотой зарчмын зөрүүтэй таван саналаар санал хураалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эдгээр саналыг дэмжсэн тул 2026 оны төсвийн тодотголын төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийн талаарх УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгосон. Энэ тухай УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
