Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 6-нд ямааны годрон өвчин болон ОХУ-ын Эрхүү муж дахь халдварын нөхцөл байдлаар шуурхай хурал зарлалаа. Тэрбээр нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгох, вакцин үйлдвэрлэх мөнгө болон нөхөн төлбөрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхийг даалгав. Гэм буруутай этгээдээр төлбөрийг дараа нь нөхөн төлүүлнэ гэж тэр хэллээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өвчний нөхцөлийг танилцуулав. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори 2026 оны есдүгээр сард Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Алтанбулаг суманд ямааны годрон батлагдсаныг тогтоожээ. Аравдугаар сарын 5-ны байдлаар хоёр аймгийн гурван суманд гурван голомт бүртгэгдсэн. 28 өрхийн 637 ямаа өвчилж, 16 өрхийн 6,296 ямааг устгасан байна. Арван аймгийн 13 байршилд хээлтүүлэгч мал нийлүүлсэн нь тогтоогджээ.
Мал ямар замаар хил нэвтэрсэн, гарал үүсэл, импортын баримт байсан эсэхийг Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар шалгаж байна. Тархалтыг зогсоохын тулд мөшгөн тандалт, лабораторийн оношилгоог эрчимжүүлж, нөөц санхүүжилтийг шийдэх шаардлагатай гэж сайд мэдээлэв. Биокомбинат ямааны годронгийн вакцин гаргахад 1.5 тэрбум төгрөг хэрэгтэй болжээ.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Эрхүү муж дахь халдварын нөхцөл байдлыг танилцуулав. Тус мужид 200 гаруй хүнийг тусгаарласан. Казахстан, Узбекистан хилийн хорио цээр, лабораторийн хяналтаа чангатгаж байна. Улсын онцгой комисс төлөвлөгөө гаргаж ажиллаж байгааг тэр хэллээ.
Ерөнхий сайд албаныханд 11 чиглэл өгөв.
Н.Номтойбаяр, Ц.Идэрбат нар «Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчний талаар авах арга хэмжээний тухай» Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, хуралдаанд оруулна.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран нар өвчин тараах нөхцөл бүрдүүлсэн этгээд үржлийн мал импортлох тусгай зөвшөөрөлтэй эсэх, импортын мэдэгдэл, гаалийн бүрдүүлэлт байгаа эсэхийг яаралтай шалгаж, дүнг танилцуулна.
Ж.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар нар удам гарваль, гарал үүсэл тодорхойгүй үржлийн малыг малчдад худалдсан буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцно.
Н.Номтойбаяр, Ж.Болд, П.Одонбаатар нар зориудаар устгасан ямааны тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, буруутай этгээдээр төлүүлэх арга хэмжээ авна.
Ц.Идэрбат, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл нар сэжигтэй хээлтүүлэгч нийлүүлсэн 10 аймгийн 13 байршилд тандалтыг дуусгаж, эрсдэлтэй сүргийг шинжилгээнд хамруулна.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нар Засгийн газрын 2026 оны 7 дугаар сарын 1-ний 286 дугаар тогтоолын дагуу 21 аймаг, нийслэлд хаврын нөөцийн махны чанар, эрүүл ахуйн шаардлагыг хангуулж, нөөц бүрдүүлнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва арилжааны банкны шаардлага хангахгүй хувийн хэвшлийн нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийг «Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК»-аас олгох талаар мэдээлэл хүргэнэ.
Хилийн бүсийн аймгуудын Засаг дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн нар хил орчмын зэрлэг амьтны тандалтыг зохион байгуулж, хилээр нэвтэрч буй хүн, тээврийн хэрэгслийн хяналт, халдваргүйтгэлийг чангатгана.
Х.Алтангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хээлтүүлгийн улиралд өвчний эрсдэлтэй бүсээс хээлтүүлэгч мал авахгүй байх, сэжиг илэрвэл мал эмнэлэгт мэдэгдэх сэрэмжлүүлгийг малчдад тогтмол хүргэнэ.
Н.Номтойбаяр Гаалийн төв лаборатори, Мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж, хариу арга хэмжээг шуурхай авна. Үндэсний статистикийн хороо, ХХААХҮЯ махны дотоодын үйлдвэрлэлийн тоон мэдээллийг нэгтгэж, зөрүүг арилгана.
