Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масато Кандаг 2026 оны аравдугаар сарын 1-ний 21:00 цагт хүлээн авч уулзав. Талууд Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил болон хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа.
Ерөнхий сайд Н.Учрал Азийн хөгжлийн банк Монгол Улсын хөгжлийг тууштай дэмжиж ирснийг тэмдэглээд, 2025–2028 онд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 292.7 сая ам.доллароос 350.68 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх болсонд талархал илэрхийлэв.
Энэхүү санхүүжилтээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдийг хэрэгжүүлж, хүүхдийн суралцах орчин, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах юм.
Ерөнхий сайд боловсрол, эрүүл мэнд, гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтын хэрэгцээ өндөр байгааг онцолж, урт хугацаатай, хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг цаашид нэмэгдүүлэх санал тавилаа.
Мөн эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах 200 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг 2026 онд багтаан авах асуудлыг эрчимжүүлэхээр шийдэв.
Гамшиг тохиолдсон үед шуурхай ашиглах 250 сая ам.долларын болзошгүй санхүүжилтийн зээлийн шугам нээх асуудалд Азийн хөгжлийн банкны зүгээс анхаарч ажиллаж байгаа гэв.
Уулзалтаар АХБ-ны ерөнхийлөгч М.Канда Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй «Чөлөөлье» санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хувийн хэвшилд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор АХБ Монголын дотоодын хөрөнгийн зах зээлд төгрөгийн бонд гаргаж, татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр хувийн хэвшилд урт хугацааны төгрөгийн зээл олгох саналыг нааштай хүлээн авч буйгаа хэллээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийг ахлах хүрээнд тус хөтөлбөрийн түүхт 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулж буйг тэмдэглэв. Сайд нарын бага хурал, хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, бизнес форум, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг цуврал арга хэмжээг Улаанбаатар хотноо есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулсанд баяр хүргэв.
Засгийн газраас гарааны бизнес, жижиг, дунд аж ахуйн нэгжийг дэмжих хууль, эрх зүйн өөрчлөлтийг хэрэгжүүлсний зэрэгцээ санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, инновац, шинэ технологид суурилсан бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа. Үр дүнд нь аж ахуйн нэгжүүдийн валютын ханшийн эрсдэлийг бууруулж, урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын гадаад зээл, буцалтгүй тусламжийн нийт санхүүжилтийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг томоохон хөгжлийн түнш юм.
